АНУ-ын шүүгч цаазаар авах ялыг гүйцэтгэхийг түр хойшлуулжээ
АНУ-д сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд анх удаа Холбооны улсын хэмжээнд шийтгэгдсэн гэмт хэрэгтнүүдийн цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг түр хойшлуулахаар болсон байна. Ийм шийдвэрийг тус улсын Холбооны улсын шүүгч Жейн Магнус-Стинсон баасан гарагт гаргажээ.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, хүүхдийн амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял сонсож, Индиана муж улсын шоронд хоригдож буй хэрэгтний ар гэрийнхэн даваа гарагт гүйцэтгэх цаазыг хойшлуулахыг шаардсан байна. Тэд ялыг гүйцэтгэх ажиллагаанд оролцох үеэр шинэ коронавирусний халдвар авч болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. Шүүгч ялтны ар гэрийнхний эрүүл мэндэд нь эрсдэл учруулахгүйгээр ялыг гүйцэтгэх боломжтой болох хүртэл шийтгэлийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
АНУ-ын эрх баригчид ирэх долоо хоногт 15 гаруй жилийн хугацаанд анх удаа Холбооны улсын хэмжээнд шийтгэгдсэн гэмт хэрэгтнүүдийн цаазаар авах ялыг гүйцэтгэнэ гэж “Associated Press” агентлаг өмнө нь засан хүмүүжүүлэх газруудын эх сурвалжаас иш татан мэдээлсэн билээ. Цаазаар авах ажиллагаа ирэх даваа гаргаас эхэлж, долоо хоногийн хугацаанд хүүхдийн амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял авч, Индиана муж улсын шоронд хоригдож буй нийтдээ гурван хоригдолд үхлийн тариа хийнэ гэж мэдээлж байв. Гэмт хэрэгтнүүдийн болон хохирогчдын ар гэрийнхэн цаазын ялыг гүйцэтгэх ажиллагаанд оролцох боломжтой боловч коронавирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүгд амны хаалт зүүхийг зөвлөжээ.
“The Washington Post” сонинд мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид хамгийн сүүлд 2003 онд цаазын ялыг гүйцэтгэжээ. Үүнээс хойш үхлийн тариа хэрэглэх журам батлагдаагүйн улмаас нэг төрлийн албан бус мораторийн арга хэмжээ хэрэгжиж байв. Холбооны улсын хэмжээнд цаазаар авах ялыг хэрэгжүүлэх үйл явц тасалдсан хэдий ч сүүлийн жилүүдэд АНУ-д энэ арга хэмжээг муж улсуудын эрх баригчдын түвшинд хэрэгжүүлж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.