Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ:
“Наадамчин олон монголчууд аа,
Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа,
Өвгөд дээдэс минь тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг баримталж, түүхийг тасалж, ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан нийт байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.
Монгол наадам бол монгол түмний цэнгэлийн манлай, өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлын цогц юм. Наадам монголчуудын эв нэгдлийг бататгаж, үндэсний бахархлыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн аугаа их соёлоо үеэс үед уламжлан, Төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээ.
Энэ жилийн онцлог байдлыг харгалзан талын монголчууд маань тал нутагтаа сайхан наадаж, 21 аймаг, 330 сумандаа Монгол орон даяар эрийн гурван наадмаа үзэж баясан ард олноороо нэгэн зэрэг наадлаа.
Эрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо.
Тусгаар тогтнол юуны өмнө өөрийн гэх түүх, өв соёлоор, үндэсний их бахархлаар хэмжигдэнэ. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд үндэстний эв нэгдэл юунаас ч илүү үнэтэй бөгөөд үүнийг цаг мөч бүр тордон бататгаж байхын чухлыг энэ жилийн наадам дахин нотлон харууллаа.
Үүнийг би энэ жилийн наадмын гол ололт хэмээн үзэж байна. Наадамчин олондоо баярлалаа. Сайхан наадаарай.
Мөнх тэнгэрийнхээ хүчин дор мянга мянган жил үргэлжлэх монгол наадам маань ийнхүү жаргаж байна” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.