П.Бүрэнтөгс түрүүлж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА боллоо

П.Бүрэнтөгс түрүүлж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА боллоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Увс аймгийн хоёр хүчтэн шалгаран үлдлээ.

Увс аймгийн Ховд сумын уугуул Улсын аварга Н.Батсуурь 2018 оны наадамд түрүүлж, 2019 оны наадамд үзүүрлэсэн. Гэхдээ өнгөрсөн жилийн түрүү бөхөөс допинг илэрсэн. Энэ жил түрүүлбэл Даян аварга цол хүртэхээр болоод байгаа. Сүүлийн 3 жил дараалан наадмын үзүүр түрүүнд шалгарч байгаа. 

Харин Улсын арслан Увс аймгийн Давст сумын уугуул П.Бүрэнтөгс 2012 онд аймгийн арслан цолтой байхдаа түрүүлж байсан. Түрүүлвэл Улсын Аварга хэмээх эрхэм цол хүртэх болно.

Хоорондын барилдааны харьцаа 2-1 арслан тэргүүлж байгаа аж. Энэ удаад аварга өмнө нь удаан барилдсан тул илүү цуцсан байлаа. Харин арслан ихэнх барилдаанаа түргэн шуурхай дуусгасан.   

Арслан шахаж, аварга ухарсаар 10 минут өнгөрлөө. Ингээд саналаараа шодож барилдахаар боллоо. Сэнжиг, дан, давхар шуудагны барьц авч, барилдсаны эцэст П.Бүрэнтөгс түрж хөөн давж, Улсын Аварга цол хүртлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.