Бразилд халдвар авсан хүний тоо хоёр сая давжээ

Бразилд халдвар авсан хүний тоо хоёр сая давжээ

Бразилд пүрэв гаргийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо хоёр сая давж, халдвараар нас барсан хүний тоо 76 мянгад хүрчээ.

Бразилын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 45 мянган гаруй шинэ тохиолдол илэрч, 1300 гаруй хүн нас барсан байна.

Бразил нь халдвар хамгийн их тархсан орнуудын жагсаалтад АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Үүнээс гадна Бразилд оношлуур дутагдалтай байгаа тул бодит үзүүлэлтүүд албан ёсны тооноос хавьгүй өндөр байж болзошгүй ажээ.

Бразилд сүүлийн хоёр сарын хугацаанд халдварын тохиолдлын тоо 26 өдөрт 30 мянгаар, тэдгээрийн 11-т 40-өөс дээш мянгаар нэмэгдсэн байна.

“Хоёр сая гэдэг бол үзүүлэн маягийн тоо учир нь бидэнд өргөн хүрээг хамарсан шинжилгээ хийх боломж байхгүй байна” гэж Сан-Паолу хотын Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлгийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн Жан Горинчтейн “AFP” агентлагт мэдээлжээ.

Түүний хэлснээр, халдварын тохиолдлын тоо албан ёсны үзүүлэлтээс дөрөв юм уу тав дахин өндөр байж магадгүй бөгөөд хамгийн муугаар тооцоолбол 10 дахин өндөр байж ч болзошгүй ажээ.

Бразилд өдөрт халдварын улмаас нас барсан хүний дундаж үзүүлэлт сар орчмын турш 1000 давсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.