Ж.Гантулга: Хүүхэд компьютер, гар утас, зурагт юунд ч донтсон бай яг л архинд орсон хүнтэй ижил байдаг
Гар утас, зурагт, компьютерт донтохыг дэлхий нийтэд “дэлгэцийн дон” хэмээн томьёолсон байна. Энэ өвчин манай улсад нэлээд газар аваад байгаа гэж хэлж болно. Сүүлийн 3 жилийн хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 200 орчим хүүхэд эмчлүүлсэн байна. “Дэлгэцийн дон” өвчний тухай СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Ухаалаг утас бидэнд ямар сөрөг нөлөө үзүүлж байна гэж та хэлэх вэ?
-Хамгийн түрүүнд утасны ямар хэрэглээтэй вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Хүн өөрийгөө гайгүй гэж бодоод байдаг. Гэтэл өдрийн хэрэглээ нь 5-6 цаг байдаг. Нэг удаагийн суултаар өдөр бүр 4-5 цагаас илүү дэлгэц ширтэж байвал дэлгэцийн дон туссан гэсэн үг. Бага багаар хуримтлагдсаар байгаад утасны хамаарал гэдэг зүйл үүсчихэж байгаа юм. Хамаарал яаж үүсдэг вэ гэхээр эхэндээ тодорхой зорилго чиглэлтэй үйлдэл байж байгаад яваандаа автомат болоод сүүлдээ албадмал болдог. Тамхи татдаг хүн дээр жишээ авахад, тамхины хамааралтай болчихсон хүн тамхиа татахгүй байж чадахгүй, 20-30 минутын зайтай гүйж гараад л татаад байдаг. Үүнтэй адилхан 5-10 минутын давтамжтай, өөрийн мэдэлгүй утсаа шалгаад байгаа бол анхаарах хэрэгтэй болж байна. Гэр бүлд амьд харилцаа байж гэмээнэ гэр бүлийн гишүүд бие биеэ сонсох, ойлгох, өөрийгөө нээх үйлдлүүд илэрнэ. Гэтэл ухаалаг утас энэ харицааг багасгаж байна. Яваандаа олны дунд байхаас залхаж, зайгаа барьж эхэлснээс үүдэн олон асуудал гарч ирнэ. Тиймээс эцэг, эхчүүд маань оройдоо интернэтгүй цагийг гаргаж хэвшвэл зүгээр. Нарийн ярьвал энэ нь амьдралын хэв маягтай холбоотой болоод явчихаж байгаа юм. Хүн амьдралынхаа хэв маягийг өөрийн уураг тархиар удирдахгүй бол яваандаа өөр зүйлд удирдуулах гээд байна аа даа. Тэр нь хүсээгүй амьдралын хэв маяг руу хөтлөх эрсдэлтэй.
-Тэгвэл хүүхдүүдэд ухаалаг утасны хэрэглээ ямар сөрөг үр дагавартай вэ?
-Бага насны хүүхдүүд утасны хор хөнөөлийг ойлгоогүй байгаа учраас хэдэн цагаар ч хамаагүй тоглосоор байгаад хамааралд ороход амархан, эмзэг өртөмтгий бүлэгт багтдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ өсвөр нас хүртэл нь утсыг аль болох хэрэглүүлэхгүй байхыг хичээх нь зүйтэй. Ухаалаг утас хүүхдийн хөгжилд олон төрлийн саадыг учруулж байна. Компьютер тоглоом, гар утсанд хэт их автсанаар хүүхдүүд мэдрэлийн ядаргаанд орох тохиолдол элбэг. Мэдрэлийн ядаргаанд орсон нь нойргүйдэх, дархлаа сулрах, уур уцаартай болох зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Ингэж явсаар сүүлдээ донгийн хэлбэрт шилжинэ. Энэ үед хүүхэд зөвхөн компьютер тоглоом тоглохын тулд гэрээсээ дайждаг, хичээлээ тасалдаг, худлаа ярьж, хулгай хийх, цаашлаад гэмт хэрэгт холбогдоход хүрдэг. Яваандаа дэлгэц ширтсэн, хүнтэй дуугардаггүй, бүрэг ичимтгий хүүхэдтэй болно гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдэдээ үлгэрлэх хэрэгтэй.
Хөдөлгөөнийг орлох эм гэж байдаггүй, эмийг орлох хөдөлгөөн гэж байдаг. Бид бага байхдаа өдөржин гадаа тоглодог, аав, ээж маань гэртээ оруулах гэж зовдог байлаа. Гэтэл одоо гадаа гаргах гэж зовдог болсон байна шүү дээ. Амьдралын хэв маяг ингэж хурдацтай өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид хуучин амьдралын хэв маягийг сэргээж мөрдөх юм бол тэнд олон эерэг зөв амьралын хэв маяг явж байсан байна. Донтох эмгэгийн үед хүний уураг тархинд голомтлог өөрчлөлт явагддаг гэж үздэг. Энэ голомт нэгэнт үүсчихвэл үгүй хийнэ гэж байдаггүй. Байнга л тэрийг нэхээд байдаг. "Утсаараа оролдооч ээ" гэсэн хүсэл, дохио цаанаасаа автоматаар ирээд байдаг байх нь. Үүнийг хянана гэдэг их бэрхшээлтэй.
-Донтох эмгэг гэж юуг хэлэх вэ?
-Компьютер, гар утас, зурагт юунд ч донтсон бай яг л архинд орсон хүнтэй ижил асуудал цаана нь үүсдэг гэж ойлгож болно. Ухаан санаанд нь зөвхөн тэрхүү компьютер тоглох, зурагт үзэх, утас оролдох гэсэн бодол л эргэлдэж байдаг бөгөөд өөр зүйл анхаарлыг нь татахгүй. Улмаар ойр орчмын хүмүүсийн шаардлагыг хүлээж авдаггүй. Ер нь тэгээд хүүхдийг сэтгэл санаагаар унамтгай, аймхай түгшүүртэй, ганцаардмал, анхаарал нь төвлөрөх, юмыг ойлгох, дасан зохицох чадвар муутай болгодог. Дэлгэцийн гэрэл гэдэг бол тархинд сэрэл өгч амраадаггүй зүйл. Тиймээс хүмүүсийн хэлдгээр мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг.
Бие махбодийн хувьд хараа муудна, тархлаа суларна, удаан сууснаас үүдэлтэй хөдөлгөөний дутагдал, хүзүү, нурууны суулт, муруйлт үүсэх, таргалах, эсвэл хоол унд муутай яваад байвал турах гээд олон архаг эмгэгийн суурь болж өгдөг. Мөн зорилго, чиглэл гэдэг зүйл нь байхгүй болоод ирж байгаа юм. Хүүхэд залуус эрдэм ном сурч, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, сайн хүн болох, сайн аав, ээж болох гээд олон зүйлд тэмүүлж амьдардаг шүү дээ. Гэтэл компьютер, гар утасны хамааралтай болчихвол энэ зорилгодоо хүрэх боломж нь хязгаарлагдаж, санасан зорьсондоо хүрэхэд бэрхшээл учирч эхэлнэ. Энэ мэтчилэн үүнийг дагасан олон эрсдэл байдаг.
-Эцэг, эхчүүд хүүхдээ донтох эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийвэл зохилтой вэ?
-Нэн түрүүнд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ илүү их нээлттэй, амьд харилцааг эрхэмлэж харилцах хэрэгтэй. Хүүхдээ спортоор, урлагаар хичээллүүлэх, сонирхлыг нь дэмжих, хичээл номонд нь туслах зэргээр хүүхдэдээ байнга анхаарал тавьж, ямар хүүхдүүдтэй нөхөрлөж, чөлөөт цагаа хаана, юу хийж өнгөрүүлдгийг нь энгийнээр сайхан ярьж хөөрч мэдэж байх хэрэгтэй. Сүүлийн үед эцэг, эхчүүд өөрсдөө гар утсаараа их оролдож, зурагт байнга ширтэж, буруу үлгэр дуурайлал үзүүлэх тал ажиглагдаж байна. Тиймээс өөрсдөө ч анхаарч, үлгэр жишээ эцэг, эх байгаарай. Эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар өөрчлөлт орж байна, нойр, хоолондоо ямар байна, сэтгэл санаа нь ямархуу байгааг анзаарч, анхаарч байх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн өөрчлөлттэй байвал цаг алдалгүй эмчид хандах нь зөв алхам болно. Эрт эмчид хандсанаар тухайн хүүхдийн асуудал зөв зохистой шийдвэрлэгдэх боломжтой.
-Хүүхдээ утсаар оролдуулахгүй байх ямар арга байна вэ?
-Хүүхдийн тоглоом бол хүүхдийг хөгжүүлэх үндэс суурь. Тоглоомын сонголтыг олон болгож өгөх хэрэгтэй. Байнга хичээл хий гэж загнаад байж болохгүй. Хичээлээ хийдэг, тоглодог, эцэг эх, найз нөхөдтэйгөө цагаа өнгөрүүлдэг байлгах хэрэгтэй. Мөн сайтар унтаж амрах тун чухал. Энэ бол амьдралын зөв хэвшил. Энэ хэвшлийг бий болгохын тулд яриад юм уу, бодоод явах биш үйлдэл хийж, хэвшүүлж, хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр эцэг, эхчүүд гэр бүлийнхээ төлөвлөгөөг сайн бодож гаргах нь зөв. Амьдралын шинэ хэв маягийг гаргаж ирэхийн тулд санаачилгатай байх чухал байдаг. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл. Өөрчлөлтийг хийе гэж зорьж байгаа эцэг, эхчүүдэд санаа өгөх үүднээс тэмдэглэл хөтөлдөг аргачлалыг хэлж өгье. Бодоод яваад байхаар бүтдэггүй байж магадгүй. Тиймээс гэр бүлийн тэмдэглэл хөтөлдөг дэвтэртэй болох хэрэгтэй. Тэгээд гэр бүлийн амьдралын хэв маягаа өөрсдөдөө хэрэгтэйгээр хэрхэн өөрчлөх вэ гэдгээр жижиг хэлэлцүүлэг хийж болно. Олон санаа гарч ирнэ. Жишээ нь, оройдоо нэг цаг ном уншиж байя гэдэг ч юм уу. Энэ санаагаа дэвтэр дээрээ бичээд хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, гарцгүй зүйл биш, олон олон боломж бий гэдгийг сануулъя.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.