ТЕГ-ын дарга асан Б.Хурцад анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оноолоо.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцад анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оноолоо.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад анхан шатны шүүхээс гурван жил хорих ял оноолоо. 


Нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж ZINDAA.MN сайтын сурвалжлах баг Төв аймаг дахь шүүхээс сурвалжлан мэдээллийг хүргэлээ. 09.00 цагаас эхэлсэн шүүх хурал 23.20 минутын орчимд өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. 

Тодруулбал, шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа ялагдагч нарыг хорих анги руу авч явсан бөгөөд хохирогч нарын ар гэрийн зүгээс таван жил шийдэгдээгүй хэрэг шийдэгдэж, гэм буруутайг нь тогтоосонд баяртай байгаагаа илэрхийлж байв.

Хохирогч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа "Хүүг маань хилс хэргээр гүтгэн шийтгэж таван жилийн хугацаа өнгөрсөн. Хилс хэргээр хорьсон хэрэг нь шийдэгдэхгүй удаан хугацаанд сунжирч явсны эцэст өнөөдөр шүүхээс Б.Хурц нарын энэ хүмүүст бага ч гэсэн ял оноож хариуцлага тооцсонд баярлаж байна. Таван жилийн хугацаанд харанхуй шөнө шиг бүрхэг явсан. Өнөөдөр их сайхан нар гарсан өдөр боллоо" хэмээсэн юм. 

Харин шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, дараагийн шатны шүүхэд давж заалдахаа мэдэгдсэн юм. 


Өнөөдрийн  хуралд хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нар оролцсон бол Т.Туул, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Батхуяг, Б.Мэргэн, Ц.Баярмаа, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг нарын өмгөөлөгчид талуудыг төлөөлж оролцов.

Шүүх хурал өглөөний 09.00 цагт эхэлж шүүгдэгч нарын тайлбарыг сонссоны дараа 12.55 цагт завсарласан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн зургаан цаг гучин минут зөвлөлдсөний эцэст шүүгдэгч нарыг хурлын танхимд оруулсан. Улмаар шүүхээс Б.Хурц нарыг хохирогч Б.Содномдаржаа, Т. Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн гэм буруутайд тооцлоо. 

Эрүүгийн 830142 дугаартай хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай тогтоолоор тус бүрийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг.

Дээрх гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь тус тусын хорих ялаа эдэлж байгаа бөгөөд тус шүүх нь хүчин төгөлдөр болсон гурван шатны шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “цагаатгаж суллах тухай” асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлгүй, боломжгүй талаар хуульчилсан байна.

Харин тус шүүхэд хянагдаж буй эрүүгийн 1802005930070 дугаартай шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох хэрэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн” эсэхийг хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

ЭХ СУРВАЛЖ https://news.zindaa.mn/3bo2

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.