Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 15 сая давлаа

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 15 сая давлаа

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо лхагва гаргийн байдлаар 15 сая давсны тэн хагас гаруй нь АНУ, Латин Америкт илэрчээ. Цар тахал хурдацтай тархаж буйг сүүлийн үеийн тоон мэдээлэл харуулж байгаа бөгөөд олон орон халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ чангатгаж байна.

Сүүлийн тав хүрэхгүй хоногийн хугацаанд дэлхий даяар халдварын нэг сая тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 230 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн бөгөөд халдвар авсан хүний тоо өнгөрсөн зургаадугаар сарын 11-нээс хойш хоёр дахин нэмэгджээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар 15007291 хүн халдвар авснаас 8351373 хүн эдгэрсэн бол 617603 хүн нас барсан байна. 

Дэлхийн улс орнуудаас халдвар хамгийн их тархсан АНУ-д 3915780 тохиолдол илэрч, 142312 хүн нас барсан бөгөөд сүүлийн нэг долоо хоногт халдвар авсан хүний тоо 460 мянгаар нэмэгдсэнийг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл харуулжээ. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 10 хувиар өсжээ.

Сүүлийн өдрүүдэд АНУ-аас гадна хэд хэдэн улс орон, нутаг дэвсгэрт халдварын тохиолдлын тоо хамгийн олноор нэмэгджээ. Тухайлбал, Австралид лхагва гарагт 502 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авсан хүний тоо 13 мянгад дөхсөн байна. Мөн Хонконгт тухайн өдөрт 113 тохиолдол шинээр илэрсэн нь урьд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болжээ.

Халдвараар нас барсан хүний тоог хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлт

Халдварын албан ёсны үзүүлэлтүүд нь халдварын бодит тоон үзүүлэлтийн багахан хувийг илэрхийлж байгаа бөгөөд олон оронд халдвар авсан хүнтэй ойр байсан хүмүүст зөвхөн шинжилгээ хийж байгаагаас гадна зарим оронд олон нийтийг шинжилгээнд хамруулах нөөц бололцоо дутмаг байгаа юм.

АНУ-д өнгөрсөн хавар бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо албан ёсны үзүүлэлтээс 2-13 дахин өндөр байж болзошгүй болохыг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мягмар гарагт анхааруулжээ.

Латин Америк, Карибын тэнгисийн орнууд нь халдвар хамгийн их тархсан хоёр дахь бүс нутаг бөгөөд нийт 3956997 хүн халдвар авч, 167177 хүн нас барсан ба халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдсэн хэвээр байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн Африкт цар тахал хурдацтай тархаж буйд ихээхэн санаа зовниж байна. Тус тивд халдварын улмаас 15765 хүн нас барсан байна. Тодруулбал, халдварын 753124 тохиолдол бүртгэгдсэнээс 15765 хүн нас баржээ.

Мөн Ойрхи Дорнодод халдварын тохиолдлын тоо нэг сая давж, 23929 хүн нас баржээ. Харин халдвар бага тархсан бүсэд тооцогдож байгаа далайн орнуудад 14523 хүн халдвар авч, 157 хүн нас баржээ. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэх болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт 1481 шинэ тохиолдол илэрсэн бол энэ долоо хоногт 50 орчим хувиар нэмэгдэж, 2224 тохиолдол шинээр илэрсэн байна. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.