Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу дахин эерэг гарчээ

Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу дахин эерэг гарчээ

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусний шинжилгээний хариугаа дахин эерэг гарсан талаар “CNN Brasil” сувагт лхагва гарагт мэдээлжээ. Түүнээс хоёр долоо хоног гаруйн өмнө халдвар илэрсэн юм.

“Би шинжилгээний хариугаа эерэг гарсан долоодугаар сарын 7-ноос хойш хагас тусгаарлагдсан байдалтайгаар ажиллаж байна” гэж Ж.Болсонару “CNN Brasil” сувгийн сэтгүүлчтэй утсаар ярих үеэрээ мэдээлжээ. Тэрбээр өөрийгөө халдвар аваад удаагүй байхдаа бага зэрэг халуурч байсан боловч ноцтой шинж тэмдэг нэмж илрээгүй гэж хэлжээ.

Ерөнхийлөгч өмнө нь хумхааны эм “гидроксихлорохин”-ыг коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүнтэй гэж удаа дараа мэдэгдэж байсан юм. Тэрбээр одоо уг эмийг ууж байгаа бөгөөд өөрийнх нь биед үйлчилж байгаа хэмээн хэлсэн байна.

Бразилын Халдварт өвчин судлалын нийгэмлэгээс өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланд “гидроксихлорохин” коронавирусээр халдварласан хүмүүсийг эмчлэхэд үр дүнгүй болох нь батлагдсанаас гадна тэдний биеийн байдлыг улам дордуулж болзошгүй байгаа тул уг эмийг өвчтөнүүдэд уулгахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдэд уриалжээ.

Вирусний халдварыг олон сарын турш үл тоомсорлосон Ж.Болсонару дэмжигчидтэйгээ мэндчилэхийн тулд үе үе ерөнхийлөгчийн ордныхоо гаднах талбайгаар алхдаг байсан бөгөөд тэрбээр энэ сарын эхээр шинжилгээний хариугаа эерэг гарснаас хойш дахин зугаалах болжээ.

Ерөнхийлөгч гурав дахь удаагаа шинжилгээ өгсөн талаараа мягмар гарагт ордны гадна цугласан хүмүүст мэдээлээд, хариу нь сөрөг гарсан тохиолдолд үүрэгт ажилдаа эргэн орно гэж мэдэгдээд байсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.