Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: Өнөөдөр нар гарсан өдөр байлаа
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр тав дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан.
Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг мөрдөн шалгаж байхдаа гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар хуралдаан өчигдөр шөнийн 23:50 цагт өндөрлөж, шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ.
Энэхүү шийдвэрийн талаар хохирогч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа хэлэхдээ "Хүүг маань хилс хэргээр гүтгэн шийтгэж таван жилийн хугацаа өнгөрсөн. Хилс хэргээр хорьсон хэрэг нь шийдэгдэхгүй удаан хугацаанд сунжирч явсны эцэст өнөөдөр шүүхээс Б.Хурц нарын энэ хүмүүст бага ч гэсэн ял оноож хариуцлага тооцсонд баярлаж байна. Таван жилийн хугацаанд харанхуй шөнө шиг бүрхэг явсан. Өнөөдөр их сайхан нар гарсан өдөр боллоо" гэсэн юм.
Б.Жавзмаа 2016 оны 12 дугаар сард анх Б.Содномдаржаа нарыг С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгт буруутган шүүх ажиллагаа эхлэх үеэр өгч байсан ярилцлагадаа "Бид ах дүү нарын хамт арав гаруй хүн Эрдэнэт хотоос зорьж ирсэн. Гэтэл орж чадахгүй байж байна. Өнгөрсөн жилийн 8-р сарын 31-нд хүүг минь баривчлаад аваад явчихсан. Миний хүү гүтгэлгээр энэ хэрэгт орчихлоо гэдгийг би олон удаа хэлж байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй л гэж хүсч байна. Би сардаа нэг удаа хүүтэйгээ уулзаж байсан. Хүү маань хямарч сэтгэл санаа нь хүнд байгаа" хэмээн ярьж байв.
Харин өнөөдрөөс яг нэг жилийн өмнө ZINDAA.MN сайтад өгсөн ярилцлагадаа "Хүү маань хэлмэгдүүлэлтэд таван жил зовж шаналан хоригдож байна. Шүүх хуралдаан шударга шийдвэр гаргах байх гэж найдаж байна" хэмээж байлаа.
ЭХ СУРВАЛЖ https://zindaa.mn/3bo4
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.