Ерөнхий сайд асан С.Баярыг ТАВАН ЖИЛ ХОРИХ ялаар шийтгэлээ

Ерөнхий сайд асан С.Баярыг ТАВАН ЖИЛ ХОРИХ ялаар шийтгэлээ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан Санжийн Баяр болон Ч.Давааням нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.07.22/ эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилж С.Баярыг гэм буруутайд тооцлоо. Улмаар Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноолоо.


Шүүхийн шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас танилцуулав.

  • Ерөнхий сайд асан С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасч, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял, бүгд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
  • Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ бүхий АНУ дахь орон сууцыг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.


Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Улмаар уг хэргийн шүүх хуралдаан долоодугаар сарын 06-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдааны эхний өдөр С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарласан байдаг.

Шүүгдэгч С.Баяр шүүхийн шийдвэр гарахын өмнө өөрийн твиттер хуудаснаа "Монгол жиргээний түмэн сайн сууж байгаарай! Санаандгүй гомдоосон байх аваас уучилна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирнэ" хэмээн жиргэжээ. 


ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛЫГ ТАНИЛЦУУЛСАН БИЧЛЭГИЙГ ДАРААХ ХОЛБООСООР ҮЗНЭ ҮҮ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.