ОХУлс Монголын талын хилээ хаалаа.
Хятадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 13846, амиа алдсан хүний тоо 304 болж нэмэгдлээ.
Улс орон болгон энэ вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Манай хойд хөрш ОХУ хэд хэдэн арга хэмжээ авахаар болжээ.
Хятадын коронавирусийн халдвар гарсан нутаг дэвсгэрээс иргэдээ цэргийн нисэх онгоцоор авчрахаар болсон байна.
Ерөнхий сайд Михаил Мишустин энэ сарын 1-нээс эхлэн Хятадад жуулчлахыг зогсоож, 2-ны өдрөөс Хятадын иргэдэд виза олгохгүй боллоо.
Түүнчлэн ОХУ-ын Засгийн газрын коронавирусийн асуудлыг хариуцаж байгаа Шадар сайд Татьяна Голикова Монголтой залгаа хилийг хаах болсноо мэдэгдлээ.
Голикова “ОХУ-д энэ өвчний халдвар авсан хоёр тохиолдол гарлаа. Хоёулаа Хятадын иргэн. Бид Хятад төдийгүй Монголтой залгаа хилээ хаана. Монголд коронавирусийн халдвар авсан хүн байхгүй ч ийм арга хэмжээ авахаас өөр арга алга. Монголын нутгаас Хятадын иргэдийг оруулахгүй” гэж мэдэгдсэн байна.
Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол энэ талаар “Монголтой залгаа хил дээр хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон нь Тувагийн эдийн засагт нөлөөлөх ёсгүй. Энэ хориг удаан үргэлжлэхгүй гэж найдаж байна. Монгол бол манай эдийн засгийн том түнш” гэж хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.