ДЭМБ коронавирусний эсрэг тэмцэлд нэгдэхийг бүх улс орнуудад хандан уриаллаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд шинэ коронавирусний халдварын 276 мянган тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 6309 өөр нэмэгдээд байна. Сүүлийн мэдээгээр нийт тохиолдол 15 сая 700 мянгад, нас баралт 636 мянгыг даваад байна. Харин дэлхийн хэмжээнд эдгэрсэн хүний тоо 9 сая 536 мянгад хүрээд байна. Энэ хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан улс орнуудад хандаж цар тахлыг улс төржүүлэлгүй, нэгдэн тэмцэхийг уриалаад байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүү Тедрос Аданом Гебрейесус өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр ийнхүү онцлон мэдэгдсэн юм. Тэрээр АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай холбоотой тайлбарыг огт үндэслэлгүй, хүлээн зөвшөөрч боломжгүйг тэмдэглэн хэлсэн байна. Помпео Британийн парламентын гишүүдтэй уулзах үеэрээ Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдагчдыг худалдан авсан хэмээн ярьсан тухай хэвлэлүүдэд гарсан мэдээллийг ийнхүү тэрээр няцаасан юм.
Тедрос Аденом Гебрейесус ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ: "Манай байгууллагын цорын ганц зорилго бол хүмүүсийг амийг аврах. Гэхдээ өнөөдөр Ковид-19 цар тахлыг улс төржүүлж байгаа нь бид бүхний тулгарч байгаа гол аюул заналхийлэл болж байна. Би бүх улс орнуудад хандаж хамтран ажиллахыг уриалж байна. Улс төржилт, бурууг хэт шүтэх нь нөхцөл байдлыг муутгаж байна. Одоо бид бүхэнд шинжлэх ухааны шийдлүүд, эв нэгдэл хэрэгтэй байна" гэв.
Блүүмберг агентлаг Помпеогийн Их Британийн парламентын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр яригдсан энэ асуудлын тухай анх мэдээлсэн юм. Ер нь АНУ ын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхны цар тахлын эсрэг хийж буй тэмцэлд шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс ч тус байгууллагын эгнээнээс гарч байгаагаа албан ёсоор зарлаж мэдэгдлээ хүргүүлсэн. Энэ дагуу АНУ ирэх оны 7-р сарын 6-нд албан ёсоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эгнээнээс гарах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.