Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Манай улсын 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэр тарваган тахлын байгалийн голомттойгоос 26 сумдад тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй “А” зэрэглэлд хамрагдаж байна.
2020 оны эхний 7 сарын байдлаар Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд энэхүү өвчний булчирхай, уушгины хоёрдогч хэлбэрээр 2 хүн өвчилсөн, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1 хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдсэн.
Иймд Нийслэлийн Онцгой комиссоос Албан даалгавар гарсантай холбогдуулан иргэд, олон нийтийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах ажлыг эрчимжүүлэхээр Сүхбаатар дүүргийн Онцгой комисс албан даалгавар гаргалаа.
Албан даалгаварт холбогдох хэлтэс, нэгж, эрүүл мэндийн байгууллагуудыг хариуцсан чиглэлээр үүрэгжүүлж, энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийг даалгасан байна.
Үүнд:
- Хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлж, хороодын ажлын албаны уялдаа холбоог сайжруулж,
- сэжигтэй тохиолдлын мэдээллийг иргэдээс авч холбогдох дээд шатны байгууллагад яаралтай мэдэгдэх,
- мэргэжлийн байгууллагуудаас гарсан зөвлөмж, мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах,
- эмнэлэг болон эмнэлгийн ажилтны бэлэн байдлыг хангуулах, тандалт судалгааг зохион байгуулах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зэрэг ажлыг тусгажээ.
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!!!
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.