Ж.АМАРСАНАА: Засгийн газар дэмжвэл өнөөдөр ч Ухань явахад бэлэн байна
Шинэ коронвирусийн халдвар анх БНХАУ-ын Ухань хотоос гарч, дэлхийн олон оронд тархаад байна. Хэд хоногийн өмнөөс Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаа Ухань хот руу эмч нарын багийн хамт очиж ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Коронавирусийн халдвартай холбогдуулан түүний байр суурь, яагаад ийм шийдвэр гаргах болсон тухай нь ярилцлаа.
-БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдварын голомтод ажиллах эмч нарын баг бүрдсэн гэсэн. Тэдгээр эмч сайн дураараа багт нэгдсэн. Ирэх сарын 2-ныг хүртэл улсын хилийг хаасан учраас Засгийн газрын зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай болох байх. Мөн Хятад улсаас хүсэлтийг хүлээн авах эсэх асуудал үүснэ. Ухань хот руу манай улсын эмч нарын баг очих боломжтой юу?
-“Ухань хот руу очно" хэмээн 14 эмч гарын үсэг зураад хүсэлтээ баталгаажуулсан. Эмч нарын гадаад хэлний мэдлэг, мэргэшил, туршлага, нас гэх мэт мэдээллийг цуглуулсан одоо хараад сууж байна. Тэдэн дунд хятад хэлээр чөлөөтэй ярьдаг гурван эмч, ойлголцохоор ярьдаг хоёр эмч, англи, орос хэлтэй эмч нар байна. Манай улсын Засгийн газраас Хятад улсын Засгийн газарт хүсэлт явуулж, эмч нарын хэрэгцээ шаардлага ямар байгаа зэргийг тодруулах байх. Хятад улсаас бусад улсын эмч нар хэрэгтэй эсэхийг албан ёсоор мэдэгдэх байх. Нэгэнт туслах гэж байгаа бол бүх зүйлсээ өөрсдөө зохион байгуулах ёстой. Гэвч гадаад харилцаанд юу шаардлагатай нарийн асуудлыг эмч нар мэдэхгүй. Бид Засгийн газраараа дамжихгүй бол Хятад улс ямар нэгэн мэдээлэл, албан ёсны хариу өгөхгүй. Тийм учраас энэ асуудал гадаад харилцааныхаа журмаараа явах нь зүйтэй гэж бодож байна. Түүнчлэн хил хаасан учраас Засгийн газрын зөвшөөрөлгүй хилээр гарах боломжгүй боллоо. Магадгүй гуравдугаар сарын 2-ноос хил нээгдсэн тохиолдолд сайн дураараа явахыг үгүйсгэхгүй. Тэгсэн тохиолдолд буруу, зөрүү асуудал үүсэхгүй болов уу. Бид санаачилга гаргаад явахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Үүний дагуу ямар хариу ирэхийг хүлээж байна.
-Коронавирус дэлхийн олон оронд тархаж, ДЭМБ-аас онц байдал зарлалаа. Тархалт, нөхцөл байдлыг нь та хэрхэн харж байна вэ?
-Улам хурцдах нөхцөл байдал ажиглагдаж байна. Жишээлбэл, хоёрдугаар сарын 3-ны байдлаар коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 361 байсан бол хоёрдугаар сарын 4-нд 420 боллоо. Нэг өдрийн дотор 60 орчим хүн нас барж байна гэвэл хэцүүхэн асуудал. Халдварласан хүний тоо 20 мянга гарсан. Тиймээс энэ бол ноцтой нөхцөл байдал.
-Хүсэлтэд гарын үсэг зурсан 14 эмч улсын, хувийн янз бүрийн эмнэлэгт ажилладаг хүмүүс үү. Эмч нарын хувьд Уханьд өвчилсөн хүмүүст туслахыг хүссэн байх. Уханьд очоод хэрхэн туслах вэ?
-Янз бүрийн эмнэлэгт ажилладаг туршлагатай хүмүүс байна. Хятадын эрүүл мэндийн салбар маш их туйлдсан байгаа. Зарим эмч хэтэрхий их ажилласан. Бие засах завгүй учраас живх хэрэглэж байна. Нойргүй ажиллаж, эмэгтэй эмч нар үсээ янзлах завгүй учраас хусуулж байна. Анагаахийн чиглэлээр сурч байгаа оюутнуудаа дайчилсан гэсэн. Тэгэхээр эмчлэх эрхийн лицензээ аваагүй оюутнуудыг хүртэл дайчилна гэдэг бол ямар нөхцөл байдалтай байгааг илхэн харуулна. Эмч хүний тангарагт ямар нэгэн байдлаар яс үндэс зэргээр ялгаварлахгүйгээр туслах ёстой гэсэн байр сууринаас эмч нар эвлэлдэн нэгдэж, санал санаачилга гаргаж байгаа. Үүнийг Засгийн газар дэмжих байх.
-Засгийн газарт хүсэлтээ өгчихсөн гэсэн үг үү?
-Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яаманд албан бичиг өгсөн. Монгол дахь Хятад улсын Элчин сайдын яамтай утсаар холбогдоход Гадаад харилцааны яамаараа дамжиж хүсэлтээ өгөөрэй гэсэн. Хятад улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбогдоход “Сайхан санаачилга гаргажээ. Талархаж байна. Гэхдээ бид журмын дагуу Гадаад харилцааны яамны албан ёсны чиглэлийг хүлээх ёстой” гэсэн хариуг өгсөн. Дөнгөж сая Гадаад харилцааны яамны мэргэжилтэн ярьж байна. Хүсэлтийг маань судал гэж чиглэл өгсөн тул эмч нарын овог, нэр, регистр, утасны дугаар, гадаад паспортын дугаар, эмчлэх эрхийн лицензийн дугаарыг лавлалаа.
-Тэгвэл Ухань явах ойртож байна гэж үү?
-Яг тийм биш л дээ. Яамны мэргэжилтэн хүсэлтийг судлаад олон шат дамжлагаар явж байж хариу ирнэ.
-Нөхцөл байдал хурцадсан учраас Ухань хот руу явах шийдвэрийг гаргасан уу. Ямар учраас явахаар болсон бэ?
-Нөхцөл байдлыг ажиглаж байсан. Нэгдүгээр сарын 31-нд өөрийн шийдвэрээ гаргаад ганцаараа явах уу, багаараа явах уу хэмээн бодсон. Улс орноос очиж байгаа гэдэг утгаараа багаараа явах нь зүйтэй гэж шийдээд хамт явах эмч нарыг саналаа илгээгээч гэж хүсэлтээ нийгмийн сүлжээгээр тавьсан. 30 минутын дотор найман эмч хамт явъя гэсэн. 24 цаг өнгөрөхөд 120 гаруй эмч Ухань хот руу явах хүсэлтээ өгсөн. Тэдэн дунд орчуулга хийе гэсэн хүн байна. Ном уншиж өгье гэсэн лам байна. Бие хамгаалагч хамгаалж өгье. Санхүүгийн талаас нь дэмжье. Сэтгүүлч нэгдье. ТЭСО корпорацаас дархлаа дэмжих аарц өгье гэх мэт санаанд оромгүй саналуудыг тавьж байсан.
-Та бүхний энэ үйлдлийг сайн ойлгохгүй хүмүүс байна. Заавал ноцтой нөхцөл байдал үүсч вирусийн голомт болсон газар руу очих шаардлагатай юу. Танд улс төрийн ашиг сонирхол байна уу. Эсвэл Монголын нэр хүндэд эергээр нөлөөлнө гэж харах хүмүүс ч бий. Таны хувьд яг ямар байр сууринаас асуудалд оролцож байгаа юм бэ?
-Цэвэр тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд асуудалд хандаж, оролцож байна. Жишээ авъя л даа. Хажуугийн айлд гал түймэр гарлаа гэж бодоход тэр гал түймрийг орж ирэхийг зүгээр хүлээх үү, эсвэл гал түймрийг гарсан газарт нь унтраалцах уу гэдэг асуудал үүснэ. Би эмч. Тэгэхээр гал түймэрт бол би гал сөнөөгч нь болж таарна. Гал сөнөөгч хүн байж гал түймрийг хараад хажуу хашаанд нь суугаад байж болох уу. Дараагийн ээлжид хоёр орны гадаад харилцааны асуудал яригдана. Санаачилгыг Монголын эмч нараас гаргаж байна гэхээр Хятадын Засгийн газар, тухайн ард түмний хувьд эерэг мэдээ. Туслахаар хүн ирнэ гэдэг сайхан зүйл. Эдийн засгийн хувьд ч экспортын ихэнхийг Хятад улс хангаж байна. Хөнгөлөлттэй болон буцалтгүй зээл Хятадаас авдаг. Нэг үгээр бид зөвхөн авдаг улс байж болохгүй. Өгдөг, яарч тэвдсэн үед тусалдаг хөршийг би сайн хөрш гэж ойлгодог. Энэ утгаараа тусалж, дэмжье, ганцаараа биш олуулаа явъя гэж бодлоо. Хүсэлтийг Засгийн газар дэмжих юм бол өнөөдөр ч Ухань руу явахад бэлэн байна.
-Манай улсаас иймэрхүү нөхцөл байдалд эмч нар багаараа явж оролцсон туршлага бий бил үү?
-Энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд мэр сэр очдог. Жишээлбэл, Японы Фүкүшимад газар хөдлөхөд Монгол Улсаас сайн дураараа очиж ажилласан эмчийг би мэдэх юм. Багаараа очсон тохиолдлыг тод санахгүй байна. Засгийн газрын дэмжлэгтэй явбал улс орноо төлөөлж байна гэдэг утгаараа ч зүгээр юм. Хэрвээ би үүргэвчээ аваад л ганцаараа явахаар шийдсэн бол явчих боломж байлаа.
-Ухань хот руу бусад улсаас эмч нар очиж байгаа юу?
-Японы эмч нар очсон гэж би ойлгосон. Гэхдээ энэ албан бус мэдээлэл. Зарим улсын эмч нар очихоор хүсэлтээ өгсөн. Хятадын талын байр суурийг хүлээж байгаа гэж сонссон. Албаны ёсны хариуг бол мэдэхгүй байна.
-Хамгийн гол нь тийш зориглож очно гэдэг эрсдэлтэй санагдаж байна?
-Шинэ коронавирус халдварлах чадвар өндөр, нас барах эрсдэл их байна. Тиймээс явъя гэсэн хүсэлт өгсөн 120 гаруй эмчийн эр зоригийг юутай ч харьцуулж үнэлж боломгүй. Манай эмч нарын ёс зүй, сэтгэл, зориг, тэвчээрээр маш их бахархаж байна. Засгийн газрын хариу ямар гарах нь өөр асуудал.
-Хэрвээ Ухань руу явахаар болчихвол хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Өвчний голомт дээр очно гэж бодох, яг яваад очиход тэс өөр мэдрэмж төрнө. Гол нь сэтгэл санаагаа бэлдсэн үү?
-Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа учраас явах хүсэлтээ өгсөн. Харин эмч хүний хувьд хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Мэдлэг, чадвараар бэлтгэгдсэн байхад хангалттай гэж бодож байна. Зориулалтын хамгаалалтын хувцаснуудыг хэрэглэж коронавирусийн халдвараас сэргийлэх нь тодорхой.
-Та хүний их эмч. Гол мэргэшсэн чиглэл тань юу вэ?
-Элэг судлал, вирус судлал, дотор судлал, биотехнологи, уламжлалт анагаах ухаан гээд олон чиглэлээр 1996 онд эмч болсноосоо хойш судалж, ажиллаж байна.
-Намайг орж ирэхэд коронавирусийг илрүүлэх оношлуурыг туршиж үзсэн гэж та хэлсэн. Ажиллагаа хэр байна вэ?
-50 хүний онош тодруулах боломжтой шинэ коронавирусийг илрүүлэх төхөөрөмж авсан юм. Хоёр улсын хил дээр удсан учраас оношлуурын чанар, хадгалалтын горим алдагдсан байж магадгүй гээд туршаад үзэхэд чанар хэвийн байна. Оношлуурыг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-д хандивлана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.