Дэлхийн банк: Энэ хүнд хэцүү цаг үед БНХАУ-ын ард түмэнтэй хамт байна
Шинэ төрлийн коронавирусийн тархалтыг таслан зогсооход, хүмүүсийн амь насыг аврахад шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэхэд анхааран ажиллаж байна гэж Дэлхийн банкнаас өчигдөр мэдэгдлээ. Коронавирусийн дэгдэлт БНХАУ-ын эдийн засгаас гадна дэлхийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр байна гэж тус байгууллага үзэж байна. Өвчний тархалттай холбоотойгоор нийгэм, эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг судалж байгаа гэж мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн “БНХАУ эдийн засгаа тогтвортой байлгахад хүчин чармайлт гаргаж, арга хэмжээ авч ажиллаж байгааг дэмжиж байна. Бүс нутаг, улс орнуудыг хамарсан ийм нөхцөл байдлын улсаас ядуу буурай улс орнууд хамгийн их хохирдог. Тиймээс Дэлхийн банк хямралд өртөж буй иргэдийг, ялангуяа эмзэг, ядуу бүлгийн улс орнуудыг дэмжихэд бэлэн байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс нэгдүгээр сарын 29-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ “Коронавирусийн дэгдэлтээс улмаас хохирол үзэж байгаа БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд эмгэнэл илэрхийлье. БНХАУ болон дэлхийн бусад улс орнуудын хүн амын эрүүл мэндэд ноцтой эрсдэл тулгарч байна. Тиймээс вирусийн дэгдэлттэй холбоотой мэдээллээ ил тод байлгаж, зохицуулалтыг шуурхай хийх хэрэгтэй.
Вирусийн эсрэг БНХАУ-ын Засгийн газрын хүчин чармайлтыг Дэлхийн банк дэмжихэд бэлэн. Өвчний тандалт, хүнсний аюулгүй байдлын асуудлаар бид шууд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Мөн одоо үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахын тулд ижил төстэй хямралыг зохицуулах олон улсын туршлага солилцох, эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн дүн шинжилгээ хийх зэрэг асуудлуудаар дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ хүнд хэцүү цаг үед БНХАУ-ын ард түмэнтэй хамт байна” хэмээн мэдэгдсэн юм.
Дашрамд сануулахад, Хятадын Ардын банк коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор нь банкны системийн хөрвөх чадвар, зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд өчигдөр 500 тэрбум юанийг зах зээлд нийлүүлсэн.
Нийтдээ 1.2 их наяд юань буюу 174 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлнэ гэдгээ гурав хоногийн өмнө Хятадын Ардын банкнаас мэдэгдэж байсан. Түүнчлэн нийлүүлэлтийг ийнхүү хэсэгчлэн хийж буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.