М.Тайсонтай тоглохын өмнө чихээ даатгуулна
Мэргэжлийн боксын дэлхийн үнэмлэхүй аварга асан Рой Жонс-ын менежер Жолт Барна “Майк Тайсонтой хийх тулааны өмнө боксчныхоо чихийг даатгуулах гэж байгаа” тухайгаа ярьжээ. Түүний хийсэн энэ тайлбарыг Roy Jones Jr Boxing Russia хэвлэлийн алба дамжууллаа.
М.Тайсон, Р.Жонс нар Калифорни муж улсын Карсон хотноо 9 дүгээр сарын 12-нд үзүүлэх тоглолт хийх гэж байгаа юм.
“1997 оны 6 дугаар сард болсон тоглолтын үеэр Эвандер Холифилдын чихийг хазаж байсан тохиолдол бий учраас менежер Ж.Барна болзошгүй зүйлээс сэргийлэхээр шийдсэн” гэж Р.Жонсын хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.
Холифилд, Тайсон хоёр 1996-1997 онд хоёр удаа тоглолт хийсэн бөгөөд хоёуланд нь Холифилд ялж байжээ. Эхний тулааны 11 дүгээр үед Тайсон нокаутад орж байсан бол хоёрдахь тоглолтын үеэр Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг хоёр удаа хазсан учраас тэмцээнээс хасагдсан юм.
Тайсон одоо 54 настай бөгөөд нийтдээ 58 тоглолт хийхдээ 50 ялалт байгуулж, 6 удаа ялагдсан байна. Мөн түүний 2 тулааныг хүчингүйд тооцжээ. Тэрбээр Дэлхийн боксын зөвлөл, Дэлхийн боксын холбоо ба Олон улсын боксын холбооны аваргын бүсийг эзэмшиж байлаа.
Түүний өрсөлдөгч болох дэлхийн үнэмлэхүй аварга асан, өдгөө 51 настай Р.Жонс Оросын иргэн бөгөөд 2018 онд рингээ орхижээ. Тэрбээр боксчны замналын хугацаандаа нийтдээ 66 ялалт байгуулж, 9 удаа ялагдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.