Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах хүмүүст зориулсан сургалт зохион байгуулав
Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар ажиллах дипломат болон техник ажилтан, тэдний гэр бүлийн гишүүнд зориулсан сургалтыг өчигдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болов.
Сургалтаар Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, яам болон Дипломат төлөөлөгчийн газрууд /ДТГ/ -ын чиг үүрэг, тэнд ажиллаж буй албан хаагчдын эрх, үүрэг хариуцлага, төрийн болон гадаад харилцааны салбарын хууль тогтоомжийн шинэчлэл, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад худалдааны өнөөгийн төлөв байдлын талаарх мэдээлэл өгөв. Мөн ойрын үеийн зорилт, олон улсын гэрээ, байгууллага хоорондын гэрээний асуудал, төрийн болон албаны нууц, дипломат шуудан болон харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэв. Түүнчлэн тамхи, хар тамхи болон хууль бус наймаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар хууль хяналтын байгууллагаас мэдээлэл хийж, анхааруулга өгөв.
Сургалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван сургалтад хамрагдсан нийт албан хаагчидтай уулзаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, суугаа улстай худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх чиглэлээр бодит ажлыг хийх, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, аливаа хариуцлага алдсан албан хаагчдад зохих хариуцлагыг тооцохыг анхааруулав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.