КОВИД-19 | Дэлхийгээс коронавирус устахгүй
Коронавирусний халдвараар дэлхий дахинд 18.9 сая хүн өвчилж, 711 мянган хүн нас бараад байна. Хоногт шинээр 256 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн энджээ. АНУ, Бразил, Энэтхэг улсууд халдварын тоогоороо тэргүүлж байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал мэдэгдэхдээ “Коронавирус нэг ч улс орныг өршөөсөнгүй. Бага, дунд, өндөр орлоготой орнууд хүнд байдалд орлоо. Гэхдээ энэ вирустэй тэмцэх боломж байна. Дэгдэлтийн эсрэг арга хэмжээ авахад оройтохгүй гэдгийг дахин сануулъя” гэжээ. Түүнчлэн хүн төрөлхтөн шинжлэх ухаан, шийдэл, эв санааны нэгдлээр хамтдаа тэмцэж байж үр дүнд хүрнэ гэдгийг онцолсон байна.
ДЭМБ-аас мөн хуурамч ташаа мэдээлэл нь энэ вируснээс ч илүү аюултайг анхааруулав. Ташаа мэдээлэл вируснээс илүү хурдан тархаж, төөрөгдөлд оруулж, хүмүүс өвчлөх, амь нас нь эрсдэх өндөр эрсдэлд оруулж байгаа аж. Иймээс вирустэй хэрхэн тэмцэх арга барилыг хүн бүр эзэмшиж, эерэг хандлагатай, эв нэгдэлтэй байхыг уриаллаа.
АНУ-ын судлаачдын ярьж байгаагаар дэлхийгээс коронавирус устахгүй аж. Иймээс бид нэлээд урт удаан хугацаанд энэхүү цар тахалтай хамт байх юм. Вирусийг устгаж чадахгүй юмаа гэхэд хяналтдаа авах боломжтойг эрдэмтэд хэлж байна.
Коронавирусний халдвараас хамгаалах энгийн, найдвартай, төсөр арга бол амны хаалт зүүх. Гэхдээ амны хаалт цоорхойтой байж болохгүй аж. Дэлхий даяар амны хаалтны хэрэглээ өндөрсөж байгаа ч энд тэнд нь гоёл хийх, онгорхой байлгах, загваржуулах зэрэг нь буруу үйлдэл гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.