Хүүхдүүд амиа алдсантай холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгаж байна

Хүүхдүүд амиа алдсантай холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгаж байна

Юуны өмнө гурван хүүхдийн амь нас харамсалтайгаар эрсэдсэнд уншигчдынхаа өмнөөс эмгэнэл илэрхийлж байна

Дархан-Уул аймагт өчигдөр /2020.02.05/ 1-5 настай гурван хүүхэд амиа алдсан харамсалтай осол гарч, олон хүний сэтгэлийг эмзэглүүлэв. Болсон явдлын талаар бодит мэдээлэл хүргэх үүднээс дараах эх сурвалжуудтай холбогдон, тодрууллаа. 

Хүүхдүүдийн ээж Дархан-Уул аймгийн V цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд айлын хажуу өрөө түрээсэлж амьдардаг байжээ. Түүнийг эзгүй үед гурван хүүхэд нь өрөөндөө амиа алдсан юм. Хүүхдүүд амиа алдсан шалтгааныг тогтоохоор өнөөдөр  (2020.02.06) аймгийн Цагдаагийн газрын баг бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж эхэлжээ. 

Болсон явдлын талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат дараах мэдээллийг өгөхийг зөвшөөрсөн юм. 


Хүүхдүүд амиа алдсан шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна

-Хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай ослын шалтгаан тодорхой болсон уу. Олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарч байгаа тул бодит байдлыг тодорхой хэмжээнд мэдээлэх нь зүйтэй болов уу гэж үзээд, танд хандаж байна. 

-Өчигдөр 17:00 цаг өнгөрч байхад онцгой байдлын байгууллагад дуудлага ирсэн байна. Аймаг, орон нутгийн удирдлагуудад 18:00 цагийн үед болсон явдлын талаар мэдэгдсэн. Миний бие хэргийн газарт аймгийн Захирагчийн ажлын албаны даргатай хамт очсон. Биднийг очиход мэргэжлийн байгууллагууд үзлэг, шинжилгээ хийж байсан.

Эхлээд цагдаагийнхан, дараа нь онцгой байдлын алба хаагчид очсон. Албаны хүмүүсээс мэдээлэл авахад крантны халуун ус хальж асгарсан байсан юм билээ. Хүүхдүүд крантны халуун усыг нээсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Ус асгарсан, уур савссан байдалтай, хүүхдүүд амиа алдсан байсан. “Халуун усанд түлэгдсэн” эсвэл “Цахилгаанд цохиулснаас хүүхдүүд амиа алдсан” гэх мэдээлэл сошиал орчинд цацагдсан байна. Энэ бол батлагдаагүй мэдээлэл шүү. Хүүхдүүд амиа алдсан шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоогоогүй гэдгийг анхааруулъя. Урьдчилсан дүгнэлт гараагүй. Цагдаагийн байгууллага хэргийн газарт ажиллаж байна. 

-Сургууль, цэцэрлэг амарсан байгаа үед хүүхдүүдийн ээжийг цэцэрлэгийн захирал нь дуудаж ажиллуулсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг дарга албан даалгавар гаргасан. Албан даалгавараар боловсрол, соёлын газрын дарга, сургууль, цэцэрлэгийн дарга нар БСШУС-ын сайдын албан даалгаврыг биелүүлж ажиллахыг чиглэл болгосон. Хоёрдугаарт, аж ахуй, албан байгууллагын дарга нар хандаж, шаардлагатай тохиолдолд 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхийг багасгасан цагаар ажиллуулах, цалинтай чөлөө олгох гэсэн чиглэл өгсөн. Мөн сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор бага насны хүүхдийг хараа хяналттай байлга гэдэг анхааруулгыг өгсөн. Ингэж албан даалгавар гаргасан.

Хоёр хоногийн өмнө аймгийн Боловсрол, соёлын газрын дарга телевизээр болон Мэдээлэл технологийн газар дээрээс мэдээлэл өгсөн. Сургууль, цэцэрлэгийн багш нарыг аль болох сургууль дээр нь дуудаж ажиллуулахгүй байх гэсэн БСШУС-ын сайдын зөвлөмж, гаргасан шийдвэрийг биелүүлж ажилла гэдэг утга агуулгатай мэдээлэл хийсэн.

Гэтэл “Аймгийн V сургуулийн захирал ажилтнаа цэцэрлэг дээр нь дуудаж ажиллуулснаас үүдэж, гурван хүүхэд амиа алдсан байна” гэдэг шүүмжлэл нийгэмд өнөөдөр үүсээд байна.

Энэ талаар албан ёсны гомдол манайд ирээгүй ч өнөөдөр Ажлын хэсэг томилж, асуудлыг тодруулахаар ажиллаж байна. 

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг V цэцэрлэг дээр ажиллаж байна. Багш, ажилчидтай уулзаж байгаа. Цэцэрлэгийн захирал нь үнэхээр багш, ажилчдаа нэг бүрчлэн дуудаж, цэцэрлэгийн ой тэмдэглэх арга хэмжээний хүрээнд ажил зохион байгуулж байсан уу, үгүй гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Захирал нь үнэхээр цэцэрлэгийн ой тэмдэглэхээр багш нараа дуудаж, ажил зохион байгуулсан нь тогтоогдож, буруутай шийдвэр гаргасан бол хариуцлагын асуудал яригдах байх. Одоогоор Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгааг дахин хэлье. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.