Хармагтайн ордод 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн хэрэгжүүлдэг Хармагтайн зэс, алтны ордод хайгуулын зардлыг 12 сая ам.доллароор нэмэгдүүлж байгаагаа зарлалаа.
Тэд 12 сая ам.долларыг хувьцаа арилжаалах замаар бүрдүүлэхээр болсон байна. Тухайлбал тэд хоёр удаагийн арилжаагаар дээрх санхүүжилтийг татна. Эхний ээлжид 128.5 сая хувьцааг 5.6 сая ам.доллароор, дараагийн ээлжид 142.9 сая хувьцааг 6.4 сая ам.доллароор арилжих юм байна.
Арилжааны албан ёсны хугацааг есдүгээр сарын дундуур болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар товлохоор болжээ.
Одоогоор тэд компанийн нэгж хувьцааг 4.5 цент байхаар төлөвлөж байна. Хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцаа 5.9 цент хүрч хаагдаж байсан юм.
Компанийн удирдлагуудын зүгээс Хармагтайн зэс, алтны орд нь цаашид өндөр үр дүнтэй ажиллаж болохуйц томоохон орд гэдгийг онцлоод байна.
Улаанбаатар хотоос урагш 420 км-т Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Хармагтайн зэс алтны орд нь алтны нөөц 38 тонн, зэсийн нөөц нь 348 тонн гэж урьдчилсан судалгаагаар тогтоогдсон байдаг.
Хувьцаа арилжаалах замаар хөрөнгө оруулалтаа шийдэх Xanadu Mines компанийн нэгж хувьцаа даваа гарагийн арилжаагаар 3.7 хувиар унаж, нэгж хувьцааны үнэ 5.2 центэд хүрээд байна.
Эх сурвалж: The Market Herald, Zindaa.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.