Хувийн цэцэрлэг, сургуулиуд төлбөртөө уян хатан хандана
"Ковид-19"-ийн цар тахлаас үүдэн сургууль, цэцэрлэг, их сургууль, коллежийн үйл ажиллагааг өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн зогсоосон. Төлбөрийг хэрхэх асуудал эцэг, эхчүүдийн санааг зовоож байсан цаг саяхан. Тэгвэл хэдийн намар хаяанд ирж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх болж. Салбар хоорондын уялдааг хангах үүднээс таван сайдын хамтарсан тушаалын төсөл бэлэн болсон. Үүнд танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээллэхтэй холбогдуулан, мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл эхэлж байгаа тул сургалтын төлбөр дээрээ уян хатан хандах албан ёсны зүйл, заалт орсон.
2020-2021 оны хичээлийн жилд хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөр нэмэгдэхгүй ба БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос сургалтын төлбөрийг хэрхэн зохицуулах талаар тодруулахад “Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо, Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн холбоотой яам албан ёсоор уулзсан. Хичээл, сургууль тасалдахад цахим хэлбэр рүү хэрхэн шилжих, төлбөр мөнгө нь ямар байх талаар эцэг, эхчүүд сургуультай гэрээ хийхдээ энэ асуудлыг сайн тусгаж өгөх хэрэгтэй” гэлээ. Өмнөх жилийн төлбөрийг буцаан олгох боломжгүй ч орчин, чанараа илүү сайжруулан ажиллаж байна гэдгийг багш, ажилчид ярьж байв.
Хувийн цэцэрлэгүүдийн төлбөрийг сонирхуулахад, нэг сарын төлбөр 200.000-1.300.000 төгрөгийн хооронд байна.
Хан-Уул дүүрэгт байрлах “Маршалын багачууд”, “Дэгдүнэ”,” Эко”, “Алтан хэлхээ”, “Зөгийхөн”, “Киндер Гарден” зэрэг цэцэрлэгүүдийн сарын төлбөр 450 мянгаас 650 мянган төгрөгийн хооронд байгаа бол Баянгол, Чингэлтэй, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Алтан түлхүүр”, “Бүжин”, “Дэгдээхий”, “Шинэ хотхон” зэрэг цэцэрлэгүүдийн төлбөр 200-500 мянган төгрөгийн үнэтэй ажээ.
Сүхбаатар, Налайх, Баянзүрх, Багахангай дүүргийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр мөн л 200 мянгаас эхэлж байна. Цэцэрлэгүүд сар сардаа төлбөрөө төлөх боломжтой ба хоёр настан авахгүй, анги дүүргэлтийн тоо 20-оос ихгүй байна гэв. Түрүүчээсээ элсэлтээ утсаар аваад эхэлжээ. Хувийн цэцэрлэгүүд зарим ажилчид болон байрныхаа оршин суугчдын хүүхдэд 10 хувийн хөнгөлөлт үзүүдэг ажээ.
Монгол Улсад 158 хувийн бага дунд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр сургуульд 40 мянган сурагч суралцаж байна. Энэ жил хувийн сургуулиудын төлбөр мөн л нэмэгдэхгүй, хуучин үнээрээ байна.
Зарим хувийн сургуулиудын жилийн төлбөрөөс танилцуулбал “Шинэ монгол" бүрэн дунд сургууль 4.7 сая төгрөг, “Төгс дэлгэрэх” гурван сая төгрөг, “Олонлог” найман сая төгрөг, “Элит” 11 сая төгрөг, “Орчлон” 18 сая төгрөг, “Глобал” 10 сая төгрөг, “Хишиг” гурван сая 500 мянган төгрөг байна.
Элсэлт бүртгэлээ утас, цахимаар бүртгэж эхэлсэн ба энэ сарын 15-аас сургуулийн багш ажилчид хэвийн ажиллаж эхлэх тул сургууль дээр өөрийн биеэр ирэн бүртгэлээ хийлгэх боломжтой гэж байв.
ЭХ СУРВАЛЖ: Өглөөний сонин
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.