Онгоцонд мэндэлсэн ихэр охидод насан туршдаа ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ бэлэглэлээ

Онгоцонд мэндэлсэн ихэр охидод насан туршдаа ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ бэлэглэлээ

-Ихэр охидод Энхцэлмэг, Энхжигүүр гэж нэр хайрлажээ-

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд (2020.07.09) ихэр охин төрүүлсэн билээ. 

Онгоцонд мэндэлсэн ихэр охид өнөөдөр /2020.08.13/ ээжийнхээ хамт Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарч, гэртээ харилаа.  

Онгоцонд мэндэлсэн охид болон ээжийг нь МИАТ компанийнхан угтан уулзаж, тус компанийн онгоцоор насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрх олгож буйгаа мэдэгдэв. 

Тус нислэгийн Агаарын хөлгийн дарга, Гавьяат нисгэгч Г.Мөнх-Очир "Монголд онгоцонд хүүхэд төрсөн анхны тохиолдол 1960-аад онд тохиосон байдаг. Энэ үед АН-24 агаарын хөлөгт хүүхэд мэндэлж байсан юм. Ихэр охид мэндэлсэн нь онгоцонд хүүхэд төрсөн хоёр дахь тохиолдол. Долдугаар сарын 9-нд манай онгоц Истанбулаас дүүрэн зорчигчтой хөөрч, өндрөө авч дууссаны дараа ахлах үйлчлэгч н.Алтанхуяг, н.Цэрэнханд нар ирж, жирэмсэн эх өвдөж эхэлснийг хэлсэн. Буцаад буухад бидний буултын жин хүнд, буулаа гэхэд олон цаг хүлээх байсан учраас нислэгийг үргэлжлүүлэх шийдвэрийг нисэх баг гаргасан. Цаг гаруйн дараа ОХУ-ын Сочи хотын дээгүүр нисэж байхад анхны охин мэндэлсэн, арваад минутын дараа удаах охин мэндэлсэн. Агаарын хөлөгт хоёр эх баригч, эмч нар явж таарсан, тэд бүгд их тусалсан. Эмч нар байгаагүй бол тун эрсдэлтэй байлаа. Агаарын хөлөгт хамт зорчиж, бидэнд гүн туслалцаа үзүүлэн, хоёр нярайг эрүүл энх төрөхөд нь эх барьж авсан эмч нартаа гүн талархлаа илэрхийлье" гэлээ.

МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр "Манай компанийн Олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрсөн тохиолдол бол энэ удаагийнх. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлсэн дэлхийн анхны тохиолдол болж байна. Онгоц дүүрэн зорчигчтой байсан. Истанбулаас 260 зорчигчтой хөөрсөн манай онгоц 262 хүнтэй буусан. МИАТ ТӨХК-ийн зүгээс ихэр охид болон тэдний ээжид нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй зорчих эрх олгож байна" гээд Эрхийн бичиг гардуулсан юм.

Тэрбээр мөн охидыг аль улсын харьяалалд бүртгэх вэ гэсэн асуултад "Агаарын хөлгийн дотор тал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарна. Харин хаана төрсөн бэ гэвэл онгоцонд гэх байх” гэв.

Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээн нэр хайрлажээ

Ихэр охины ээж "Онгоцод орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буурч, эргээд нэмэгддэг юм байна. Одоо хэвийн жиндээ хүрч байгаа. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр гэж нэр хайрласан" гээд МИАТ компани болон охидыг эх барьж авсан эмч, сувилагч, ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад талархлаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улс, Дэлхийн Банктай “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана 2020-08-13

Зорилтод гэр бүлд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлнэ 2020-08-13

“Улаанбаатар гран при-2020” жүдо бөхийн тэмцээн эхэллээ 2020-08-13

Монгол кино олон улсын наадмаас шагнал хүртлээ 2020-08-13

А.Амбасэлмаа: ОХУ-ын нэг, Монгол Улсын гурван хүнээс коронавирусний халдвар илэрлээ 2020-08-13

Онгоцонд мэндэлсэн ихэр охидод насан туршдаа ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ бэлэглэлээ 2020-08-13

Согтуурсан үедээ Туул голд толгойгоо угаах гэж байгаад унаж, сураггүй болжээ 2020-08-13

Экспорт өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар буурч, өмнөх сараас 16.9 хувиар өслөө 2020-08-13

Т.Дэлгэрмөрөн, Л.Ган-Эрдэнэ нар 10 саяын "тулаан" эхлүүллээ 2020-08-13

Рио Тинто дахин шүүхийн үүдэнд тулж ирлээ 2020-08-13

Жайка олон улсын байгууллагаас халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав 2020-08-13