Франц зураачийн "Монголын гарц" үзэсгэлэн нээгдлээ
Францын контемпорари уран бүтээлч Майкл Обреновичийн “Монголын гарц” нэртэй “MN Art Fair-2020” үзэсгэлэн "Тэнгис" кинотеатрын дэргэдэх "MN" таурын 17 давхар дахь галерейд нээгдлээ.
Үзэсгэлэн нь М.Обреновичийн “Дэлхийн гарц” нэртэй урлаг, соёлын төслийн нэг аж. Тодруулбал, үзэсгэлэнгээ ийнхүү нэрлэсэн нь өөр өөр шашин шүтлэг, соёл иргэншилтэй дэлхийн хүмүүсийг уран бүтээлээрээ холбохыг зорьжээ.
Дэлхийн улс бүрийг төлөөлж буй гарц нь ижил хэмжээтэй цагираган хэлбэртэй бүтээл байх бөгөөд давхар тухайн улсын соёл, уламжлалт хэв маягийг харуулсан хээ, судалбарыг агуулах юм. Түүний уран бүтээлийн төсөл нь улс орон, ард түмнүүдийн соёлын хоорондын холбоо, эв нэгдлийг бэлэгдэж байна.
"Монголын гарц” бүтээлийг Монголын Үндэсний түүхийн музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга доктор Ж.Баярсайхантай хамтран, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Манибадарын бүтээл Монгол гэрийн тоононы хээнээс санаа аван бүтээжээ.
М.Обренович уран бүтээлийн энэхүү төслөө 2019 онд Колумб улсаас эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн 2 дахь орон нь Монгол улс юм. Үзэсгэлэн өнөөдөр, 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 14 хүртэл олон нийтэд хүрнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.