Байгалийн түүхий эдээс гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд борлуулна
Монголын байгалийн түүхий эдээс гаралтай органик бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд борлуулах “Берлин дэх Монголын Мэдээлэл Худалдааг дэмжих Европын төв” /ММХЕТ/-ийг байгуулах танилцуулга уулзалт МҮХАҮТ-д болжээ.
Танилцуулга уулзалтыг “MITPC” ХХК-ийн төлөөлөгч Б.Агни хийж, ЕХ-ны Худалдааг дэмжих ТРАМ төсөл, МҮХАҮТ-ын дэргэдэх кластерууд, “Мэри энд Марта” ХХК, IDA Studios, Lhamour зэрэг нийт 20 гаруй компанийн төлөөлөл оролцсон байна.
ММХЕТ-ийг байгуулах талаар Монгол Улсын Засгийн Газрын 2018-2022 оны Экспортын хөтөлбөрт тодорхой заасан. Энэхүү хөтөлбөрөөр Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртийг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжих зорилготой.
Мөн энэ төвийг байгуулагдсанаар Монгол Улс болон Европын Холбооны /ЕХ/ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг холбох гүүр болж Монголын байгалийн түүхий эдээс гаралтай, өндөр чанартай, өрсөлдөх чадвартай органик бараа бүтээгдэхүүнийг хямд өртөгөөр Германы болон ЕХ-ны зах зээлд гарах гарцыг бий болгох юм.
Үүнд арьс ширэн бүтээгдэхүүн, чацарганы бүтээгдэхүүн, эсгий эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн, модон эдлэл, цай, ургамал, жимсний чанамал болон бусад сайн чанарын, байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүнүүдийг нэн тэргүүнд экспортлох боломжтой гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.