Карантилагдсан онгоцноос өндөр настнуудыг нүүлгэн шилжүүлж эхэллээ
Японы эрх баригчид Ёкохама хотын боомтод карантинд ороод буй аяллын “Diamond Princess” усан онгоцноос өндөр настнууд болон ужиг өвчтэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэллээ.
Японд одоогоор нийт 161 халдварын тохиолдол бүртгэгдсэний 135 нь тус усан онгоцны зорчигчоос илрээд байгаа юм. Хөлөг онгоц дээр 50 улс орны аялагч, онгоцны багийн гишүүд нийлсэн нийт 3700 хүн хөл хорионд ороод байгаа билээ.
Даваа гарагийн байдлаар, эдгээр хүмүүсийн 1850 нь инсулин зэрэг амин чухал эм, хэрэгсэл шаардлагатай буй тухай мэдэгдсэн байна. Зорчигчдын 80 хувь нь 60 ба түүнээс дээш настай бөгөөд 80-д настай 215, 90-ээд настай 11 хүн байна.
Анхны шийдвэрийн дагуу, тус онгоц дээр энэ сарын 19-ныг хүртэл карантин тогтоосон. Энэ хугацаанаас хойш хүмүүс онгоцноос буух эрхтэй ч тус улсын эрүүл мэндийн яам эрэг дээр буух хүн бүрээс шинжилгээ авах боломжийг судалж байна. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшихидэ Суга үүнийг техникийн хувьд боломжтой гэдэг нь эргэлзээтэй хэмээн мэдэгджээ. Учир нь шинжилгээ бүрийн дүнг 6-8 цаг хүлээх шаардлагатай аж. Гэтэл Ёкохама хотын эмнэлгүүд хоногт 220 хүнээс шинжилгээ авах хүчин чадалтай аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.