Гашуунсухайт боомтод коронавирусийн 12 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хил хамгаалах байгууллагынхан өнөөдөр хамтран коронавирусийн халдвар, хамгааллын олон улсын болон Монголын нөхцөл байдал, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлснээс хилийн боомтууд дээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-нийх хүртэлх хугацаанд коронавирусийн 86 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тэдгээр иргэдийн 66 нь Буянт-Ухаа, тав нь Замын-Үүд, гурав нь Хавиргын боомтоор Монголын хилээр орж иржээ.
Түүнчлэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-нд Гашуунсухайт боомт дээр 12 сэжигтэй тохиолдлыг бүртгэж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан байна. Өмнөговь аймгийн Ханбогд суман дах Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод буюу Гашуунсухайтаас 120 километрийн зайтай нутаг дэвсгэрт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар өмнө бид мэдээлсэн билээ.
Үүссэн нөхцөл байдлын талаар МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "МХЕГ-аас халдварт өвчин болон эрүүл мэндийн хяналт тавьж байна. Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа. Хөх хот, Бээжингийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа. Тэр хэрээр халдвар авах эрсдэл өндөр байгаа учраас тус улсын эрүүл мэндийн байгууллагад хандах эсэхээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Бид 26 боомтоос мэдээлэл авч байна. Хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд, Буянт-Ухаа боомт болон ОХУ-аас зорчигчид орж ирж байгаа Сүхбаатарын Алтанбулаг боомт байна. ОХУ-д хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд онцгой хяналт тавин ажиллаж байгаа" гэлээ.
Ханбогд, Гурвантэс суманд өндөржүүлсэн байдал зарлалаа
Өмнөговь аймгийн Ханбогд суман дах Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод буюу Гашуунсухайтаас 120 километрийн зайтай нутаг дэвсгэрт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс суманд хоёрдугаар сарын 9-нд буюу өнгөрсөн ням гаригт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байгаа.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл энэ тухайд өчигдөр "Өмнөговь аймгийн Гашуун сухайттай хиллэдэг “Халиут” гэдэг газар буюу Гашуун сухайтаас 120 километрийн цаана шинэ коронавирусын хоёр тохиолдол оношлогдож, лабораториор баталгаажсан. Тус газарт бид эмнэлгийн бэлэн байдал ханган ажиллаж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.