Алтай суманд хэсэгчилсэн дэглэм тогтоожээ

Алтай суманд хэсэгчилсэн дэглэм тогтоожээ

Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн иргэн “Н” тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Үүнтэй холбогдуулан тус сумын нутаг дэвсгэрт түр хугацаанд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоожээ.  

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны А\108 дугаар захирамж гарч, хэсэгчилсэн дэглэмийн үед постын ажиллах хугацаа, бүрэлдэхүүн, банк, худалдаа үйлчилгээний салбарын ажиллах үйл ажиллагааны цагийн хуваарийг шинэчлэн баталжээ.

Үүнд өвчний голомт цэг “Хөндийн Уу дав” гэх газар болон сумын төвд энэ сарын 25-ны өдрийн 07:00 цагаас 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд иргэд, тээврийн хэрэгсэл орох, гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналтын пост тогтмол ажиллаж байна.

Хяналтын постыг  5-6 байршилд гаргасан бөгөөд мэргэжлийн байгууллагын 30 орчим ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Мөн дэлгүүр, зочид буудал, цайны газар, банк зэрэг үйлчилгээний байгууллагууд есдүгээр сарын 26-30-ны өдөр хүртэл хугацаанд богиносгосон цагаар буюу 09:00-17:00 цагт ажиллах бөгөөд ажлын байранд ариутгал халдваргүйтгэл хийж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Тарваган тахлаар өвчилсөн иргэний нэгдүгээр хавьтлын 19 хүн байгаа аж. Үүнээс нэр бүхий долоон иргэнийг “Соёлын төвд” тусгаарласан. Бусад иргэнийг гэрт тусгаарлаж, байнгын хяналтад байна. Одоогийн байдлаар тэдний эрүүл мэндийн байдал хэвийн, тарваган тахал өвчний шинж тэмдэг илрээгүй гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.