Оюуны өмчийн хууль хэрэгжихийн өмнөх уулзалт, хэлэлцүүлэг болов
Шинжлэх ухаан технологийн сургуулийн номын санд өнөөдөр Оюуны өмчийн хууль 2020 оны 12 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхийн өмнөх мэргэжилтнүүдийн уулзалт, хэлэлцүүлэг болов.
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилт бүхий Оюуны өмчийн хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулж энэ оны 2 дугаар сард гурван байгууллагын хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.
Тус санамж бичгийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн инстутит, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сангийн төлөөллүүд энэхүү уулзалт хэлэлцүүлэг оролцлоо.
Энэ байгууллагууд санамж бичгийн хүрээнд оюуны өмчийн салбарын хөгжлийг хангах, ялангуяа оюуны бүтээлээ үнэлүүлэх, хамгаалагдсан биет бус оюуны баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах таатай боломж бий болгохыг зорьж байгаа аж. Хэлэлцүүлгээр харилцан мэдээлэл солилцох, салбарын оролцогчдын мэдлэгийг дээшлүүлэх, оюуны өмчийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн чадавхижуулах, энэ бүхэнд уялдаатай харилцаанд оролцогчдын хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хийх ажлынхаа талаар санал бодлоо солилцжээ. Тус хэлэлцүүлэгт дээр дурдсан байгууллагын 70 гаруй мэргэжилтэн оролцсон байна.
Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригоос тус газраас хэрэгжүүлж буй ажил үүргийн талаар тодруулсан юм.
Тэрбээр, ОӨГ нь өнөөдөр үндсэн гурван хуулийн чиг үүргийн дагуу хэрэгжүүлж байна. Тухайлбал, Патентын хууль, Зохиогчийн эрх түүнд хамаарах хууль, Барааны тэмдэг газар зүйн тухай заалтын хуулиудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн үүнээс гадна 16 гэрээ, конвенцийг олон улсын гэрээг дагаж мөрдөж байгаа. Олон улсын гэрээ конвенцын дагуу Монгол Улсад барааны тэмдгийн болон патентын, бүтээгдэхүүний загварын зохиогчийн эрхийн хамгаалалт хийгдэж, бүртгэгдэж байгаа. Монголдоо дээр дурдсан гурван хууль байгаа. Тэгэхээр хуулийн хэрэгжилт, мөрдлөгө бол хэвийн үргэлжлээд явж байгаа. Гагцхүү шинээр батлагдсан оюуны өмчийн тухай хууль нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд олон хэлбэрээр оруулах, тоог нь нэмж байгаа. Өмнө бол оюуны өмчийг барцаалж зээл олгож байсан тохиолдол байхгүй. 2019 оноос эхлээд практикт үүссэн банкны тохиолдол бол байгаа. Цаашдаа энэ байгаа оюуны өмчөө бид эргэлтэнд оруулж, түрээс, франчайз, лицензийн зэрэг ямар нэг хэлбэрээр ашиглаж байгаа гэрээнүүдийн төрлийг нэмэгдүүлэх юм. Нөгөө талдаа тухайн аж ахуй нэгж байгууллага нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, автомашинаас бусад үл хөдлөх хөрөнгө гэдэг зүйлээс гадна, биет бус хөрөнгөө үнэлүүлдэг болно. Ингэж байж тухайн аж ахуйн нэгжийн үнэ цэнэ өснө. Тухайн нэг аж ахуйн нэгж байгууллага өөр нэг байгууллагыг худалдаж авахад тухайн авч буй байгууллагад оюуны өмчийн үнэлэгдсэн хөрөнгө эсвэл патенттай бараа бүтээгдэхүүн байна уу гэдгийг худалдагч, худалдан авагч 2 тал хоорондоо мэдээллээ солилцож олон хэлбэрээр оюуны өмчийг эргэлтэнд оруулж байх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.