Ц.Чинзориг, Г.Хэрлэнмөрөн нар оюутны аваргаар шалгарлаа
Монголын даамын холбоо /МДХ/-ноос 13 дахь удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ 2020 оны есдүгээр сарын 25-27-нд зохион байгуулав.
“Монгол Коосэн” сургуулийн байранд зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 17 тамирчин өрсөлдсөн юм. Эмэгтэй даамчид швейцарь системээр 7 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн, “Ач” АУИС-ийн оюутан спортын мастер Б.Отгон-Эрдэнэ нар адилхан 12 оноотой гарч, коэффициентын давуугаар Г.Хэрлэнмөрөн аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр ийнхүү гурав дахь жилдээ дараалан улсын аварга болов. Хүрэл медалийн эзнээр 11 оноо авсан МУИС-ийн оюутан, спортын мастер С.Энхтүвшин тодорсон. Шагналт IV-V байрыг ШУТИС-ийн оюутан, дэд мастер Б.Билгүүндарь, дэд мастер Д.Алтанчимэг нар эзлэв.
Эрэгтэйчүүд швейцарь системээр 7 өрөг тоглосноос СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Ц.Чинзориг 12 оноогоор өнгөлж, хоёр дахь түрүүгээ хүртсэн бол МҮИС-ийн оюутан ДДХДМ Б.Билгүүн 10, ШУТИС-ийн оюутан, спортын мастер Ц.Төмөрбаатар нар удаалав.
Шагналт IV-V байранд ХНХДС-ийн оюутан, спортын мастер А.Түшигбаяр, ХААИС-ийн оюутан, спортын мастер Б.Уудамбаатар нар шалгарлаа.
Тэмцээнийг Э.Доржбал захиралтай барилга угсралтын “Гранд Авгуш” ХХК ивээн тэтгэсэн юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.