АНУ-ын цагаачлалын бус визийг хоёр жил тутамд сунгуулна
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам есдүгээр сарын 24-ний өдөр цагаачлалын бус F, J, болон I ангиллын визийн хугацааг хоёр жилээр хязгаарлах шинэ журмын төсөл танилцуулсан талаар Монгол Улсын Гадаад харилцааны яам өнөөдөр мэдээлэв.
Энэ нь гадаадын иргэд АНУ-ын визийн журмыг зөрчих, хууль бусаар удаан хугацаанд тус улсад оршин суух явдлыг багасгаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахад чиглэх аж. Одоо хэрэгжиж байгаа журмаар дээрх гурван ангиллын визтэй буюу гадаадын оюутан, солилцооны хөтөлбөрт оролцогч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид АНУ-ын хилээр нэвтрэх үед паспорт дээр нь “Duration of Status” гэсэн тэмдэглэгээ хийж өгч байна. Ингэснээр, тухайн иргэн статусаа хэвээр хадгалж байгаа нөхцөлд АНУ-ыг орхин гарах цаад хугацаа гэж байдаггүй аж. Тухайлбал, F визтэй оюутан паспорт дээрээ нэг сарын хугацаанд АНУ-д нэвтрэх зөвшөөрөл бүхий визтэй байсан ч АНУ-ын хилээр нэвтрэн орж ирэхэд нь түүнд “Duration of Status” тэмдэглэгээ хийдэг бөгөөд тухайн оюутан сургуульдаа үргэлжлүүлэн сурч, оюутны статусаа хүчинтэй байлгасан тохиолдолд хэлний бэлтгэлээс эхлээд бакалавр, магистр, докторын зэрэг горилох хүртэл АНУ-д хууль ёсны дагуу амьдрах боломжтой.
Харин энэхүү шинээр танилцуулсан журам хэрэгжвэл, F, J, I визтэй цагаач бус иргэдийг АНУ-ын хилээр нэвтрэх үед хоёр жилийн хугацаатай виз олгох бөгөөд ингэснээр, оюутны хувьд урьдын адил өөрийн оюутны статусаа хүчинтэй хэвээр хадгалахын тулд сургуульдаа заавал сурах шаардлагатай болох юм. Ингээд хоёр жилийн дараа АНУ-д оршин суух хугацаагаа давхар сунгуулах шаардлага үүсэх юм.
Шинэ журмын төсөл батлагдсан тохиолдолд Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас монгол оюутанд олгож буй визийн хугацаа хэвээр байх бөгөөд хоёр жилийн дараа АНУ-д байх хугацаандаа буюу эх орондоо заавал буцалгүй визний хугацааг сунгах боломжтой. Одоогоор журмын төслийг олон нийтэд 30 хоногийн турш танилцуулж, санал авч байгаа юм байна.
Энэхүү журам нь F, J, I визээр нэвтэрсэн, АНУ-д оршин суух хугацаагаа хэтрүүлсэн 10 хувиас дээш үзүүлэлт бүхий 60 гаруй улсын иргэдэд хамаарна. Өнөөдрийн байдлаар, АНУ-д манай улсаас 2 972 оюутан сурдаг бөгөөд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээгээр, 2018 онд манай улсаас сурч буй оюутны 13.13 хувь, 2019 онд 12.25 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.