БНХАУ-ын Элчин сайд Монголын Ерөнхийлөгч асны үгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ

БНХАУ-ын Элчин сайд Монголын Ерөнхийлөгч асны үгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй Хятадын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орон дахь хоёр хэлээр боловсрол эзэмшүүлэх бодлогын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нийгмийн сүлжээгээр дамжуулан хэлсэн үг болон Хятадад хандсан захидлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, захианд илэрхийлсэн түүний үзэл бодол буруу тул Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

“Үндэсний нийтлэг хэл бол улс орны бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бөгөөд аливаа улсын иргэн бүр нийтлэг хэлээ сурч, ашиглах эрх, үүрэгтэй. Үүнийг зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн бусад улс оронд ч мөрддөг” гэж Цай Вэньруй Ц.Элбэгдоржид илгээсэн захидалдаа тэмдэглэсэн байна.

“Үүний зэрэгцээ Хятадын Засгийн газар хууль тогтоомжийн дагуу ярьж, бичдэг эх хэлээ хэрэглэх үндэстний цөөнхийн эрхийг хамгаалдаг” гэж Цай Вэньруй мэдэгджээ. Мөн тэрбээр, Өвөр Монгол дахь хоёр хэлний боловсролын шинэчлэл болон тус бүс нутагтай холбоотой бүх асуудал нь Хятадын дотоод хэрэг бөгөөд өөр ямар ч орон хөндлөнгөөс оролцох эрхгүй гэдгийг онцолжээ.

Ц.Элбэгдорж захидалдаа, Өвөр Монголын боловсролын шинэчлэлийг шүүмжлээд, Монгол угсаатныг хэлээр нь дамжуулан уусгахыг зорьж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Уг захидалд бичсэн зүйлсийг буруу гэж үзсэн тул буцаасан” гэж Цай Вэньруй мэдэгдээд, Ц.Элбэгдорж Хятадын бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, хоёр орны харилцааны ашиг сонирхлыг харгалзан үзэж, уг асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хандахаа болино хэмээн найдаж байна гэжээ.

2020 оны намраас Өвөр Монгол дахь бага сургуулийн нэгдүгээр ангийн болон дунд сургуулийн хүүхдүүд шинэ сурах бичиг ашиглаж эхэлсэн бөгөөд багц хичээлийг хятад хэлээр зааж байгаа аж.

Өмнө нь сурагчдад багц хичээлийг хоёрдугаар ангиас хятад хэлээр зааж эхэлдэг байсан бөгөөд нэгдүгээр ангийн хүүхдүүдэд монгол хэлээр заавар өгдөг байжээ. Өвөр Монголын Засгийн газар боловсролын шинэ зохицуулалтын талаарх тайлбарыг өнгөрсөн наймдугаар сарын 31-нд танилцуулжээ.

Зохицуулалтад оруулсан зарим өөрчлөлтийг бүрэн тайлбарлаагүйгээс үүдэлтэй буруу ташаа мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлжээ. Мөн өрнөдийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл боловсролын шинэчлэл болон бүс нутагт саяхан болсон үйл явдлыг дэвэргэсэн байна.

Өвөр Монголын Шилийн гол аймгийн засаг захиргаанаас есдүгээр сарын 6-нд гаргасан дэлгэрэнгүй тайлбарт, шинэ зохицуулалт нь монгол хэлээр хичээл заахыг хориглоно гэсэн үг биш бөгөөд үндэстний цөөнхийн сурагчдад коллежид элсэхэд дэмжлэг болдог таатай бодлогыг дуусгавар болгохгүй хэмээн тэмдэглэжээ.

Хятадын Гадаад хэргийн яам есдүгээр сарын 3-нд Өрнөдийнхөн улс төрийн дэвэргэсэн мэдээлэл гаргаж байна хэмээн мэдээлээд, Хятадын иргэн бүр нийтлэг хэлээ сурах, хэрэглэх эрх, үүрэгтэй гэж мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.