Х.Нямбаатар: Торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд шийтгэлийг 50 хувь бууруулна

Х.Нямбаатар: Торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд шийтгэлийг 50 хувь бууруулна

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр /2020.09.29/ "Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр  "Зөрчлийн тухай хуульд "зөрчил" гэж томьёолж оруулсан зүйлээ эргэн харж, эрх зүйн онол талаас нь шинээр найруулж бичнэ. Тэрнээс бусад хууль руугаа буцаан оруулах тухай ойлголт биш. Бид хэм, хэмжээнийхээ бүрдлийг нэмэлт өөрчлөлтөөр шийдэхээр төлөвлөж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд ярилаа.

Түүнчлэн "Зөрчлийн тухай хууль туйлын тодорхой санкцтай буюу хүлээх хариуцлагыг маш тодорхой болгох явдал. Өөрөөр хэлбэл, торгуулийн шийтгэлийг 50-100 мянган төгрөг гэж шууд бичиж, тусгаж өгнө. Зөрчлийн шинж чанар зэргийг нь харгалзан үзэж, торгуулийг дээд, доод хязгаартай болгож оруулна. Учир нь, зарим төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оногдуулах шаардлага бий. Баривчлах шийтгэл оногдуулах саналыг 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр унагаасан. Тухайлбал, шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч захирамж гаргаж, баривчлах шийтгэл оногдуулах ёстой. Энэ бол шүүгч шүүхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулийн зохицуулалтаар 100,000 төгрөг олон удаа төлөөд тэр хэрээрээ хэдэн ч удаа шүүх хуралдааныг тасалдуулж болохоор байна. Мөн хүн зодсон, биед нь халдсан зөрчлийг ч шууд Эрүүгийн хууль руу оруулахаар ярьж байна. Хүний хамгийн том эрхэнд халдаж байгаа энэ зөрчилд Зөрчлийн тухай хуулиар ердөө 100 мянган төгрөгөөр торгохоор тусгасан байдаг нь буруу" гэв.

Харин мэдээллийнхээ төгсгөлд торгууль шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэлийг 50 хувиар бууруулдаг бусад улс орны эрх зүйн хөшүүргийг шинэчилсэн найруулгад оруулсан гэдгээ онцоллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.