Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад НҮБ-ын байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы хүрээнд энэ сарын 1-нд Дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р бага хурлын өндөр түвшний уулзалт болов. Өндөр түвшний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга В.Бозкир даргалж, НҮБ-ын гишүүн улс орнуудын Төр, Засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, мөн холбогдох салбарын сайд нар цахим хэлбэрээр үг хэллээ.
Уулзалтын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) А.Гутеррес, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Фумзиле Мламбо-Нгука, НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх захирал Наталиа Канем, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар болон олон улсын бусад байгууллага, төрийн бус байгууллага (ТББ), залуучуудын төлөөлөл видео мэндчилгээгээр дамжуулж үг хэлэв.
Улс орнууд сүүлийн 25 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг хөхиүлэн дэмжих болон жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд гарсан ахиц, ололт амжилт болон саад бэрхшээлийн талаар онцолж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн 5 дугаар зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөлөө зэргийг танилцуулсан.
Энэхүү өндөр түвшний уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахимаар оролцож, Монгол Улс Бээжингийн Тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдлыг чадавхжуулах чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцоллоо. Мөн "COVID-19" цар тахлын үед нийгмийн хамгаалал болон жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хүрсэн үр дүн, тулгарч буй сорилт бэрхшээлийг мэдээлж, НҮБ, түүний системийн байгууллагууд болон гишүүн улс орнуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Мөн энэ үеэр манай улс Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсаны 25 жилийн ой болон хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд гарсан ололт, ахицыг онцлон тэмдэглэсэн хамтарсан мэдэгдэлд бүх бүс нутгийн төлөөллөөс бүрдсэн 81 улсын хамт нэгдэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.