Ажлаа хийж байсан эмч, сувилагч нарыг хутгалсан этгээд ОРГОН ЗАЙЛЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн эмч Э, сувилагч Б нарыг энэ сарын 12-ны орой ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь тус сумын иргэн Ж хутгалж, гэмтээсэн хэрэг гарсан.
Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа ба сэжигтэн этгээд хэргийн газраас оргон зайлж, одоо хүртэл олдоогүй байгаа ажээ. Харин хүнд гэмтэл авсан эмч, сувилагч нарыг Гэмтэл согог судлал үндэсний төвд авчирсан байна. Болсон явдлын талаар ташаа мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Амарзаяа дараах мэдээллийг өглөө.
Б.Амарзаяа “Тухайн өдөр Ерөө сумын ЭМТ ачаалал ихтэй ажиллаж байсан байна. Тус сумын тухайд ард иргэдийн дунд улирлын томуугаас гадна хатгаа өвчнөөр өвчлөх тохиолдол их байгаа аж. Иймээс тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд ачаалал ихтэй тул уртасгасан цагаар ажиллаж, иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байжээ. Хэрэг гарах үед их эмч Э ажил тарсны дараа, 18-23 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан байна. Тэрээр 22:00 цагийн орчимд гадаа 00-д бие засахаар гарахад нь гэмт хэрэг үйлдэгч иргэн Ж үүдэнд тааралдсан гэнэ. Эмч бие засаад эргээд ирэхэд гэмт хэрэгтэн Ж түүний араас ирж, тамхи асаах гал асуусан байна. Түүнийг гал өгөх зуур өөдөөс нь хүйтэн мэсээр хэвлийн тус газарт нь хутгалжээ. Хохирогч Э тэндээс зугтаж, даргынхаа гэрт ороод ухаан алдсан байдаг. Мөн ЭМТ-д жижүүрийн ажилтай байсан сувилагч Б нөхөр болох Ж-гийн гарт хүндээр гэмтсэн байна. Болсон явдлын дараа Ерөө сумын ЭМТ-ийн Э.Нинжбадам даргатай хамт олон анхны тусламж үйлчилгээг шуурхай хүргэж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт мэдээллийг цаг алдалгүй дамжуулснаар шуурхай баг томилогдон, 100 орчим км-ийн цаанаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах зэрэгтэй, зөвлөх эмч Б.Ганболдоор ахлуулсан нарийн мэргэжлийн дөрвөн их эмч, хоёр сувилагч нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг тус сум руу явсан.
Шуурхай багийнхан бүтэн шөнийн турш хохирогч Э-ийн хэвлийн хөндийд үүссэн хүнд гэмтлүүдийг нөхөх, мөн хохирогч Б-ийн цээжний хөндийн буюу уушгинд үүссэн гэмтэлд гуурс тавих хагалгааг шуурхай, чадамгай гүйцэтгэж амь насыг нь аварч, улмаар хоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар хот дахь Гэмтэл согог судлал үндэсний төвд шилжүүлж, эрүүл мэндийг нь хяналтад авсан.
Хүнд хэцүү нөхцөлд мэргэжлийн ур чадвар гаргаж, авхаалж самбаагаа дайчлан ажилласан Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах зэрэгтэй, зөвлөх эмч Б.Ганболд, Нэгдсэн хагалгаа, Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ, Гeмодиализын тасгийн эрхлэгч, клиникийн профeссор О.Ганзориг, Мэс заслын тасгийн Гэмтлийн эмч Б.Баянбаатар, Эрчимт эмчилгээ, сэхээний тасгийн эмч С.Уранчимэг болон Мэдээгүйжүүлгийн сувилагч О.Энхжаргал, Хагалгааны сувилагч Д.Болортуяа, аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Азжаргалаар ахлуулсан зөөврийн рентгений баг хамт олонд Ерөө сумын Эрүүл мэндийн төв, гэр бүл, ах дүү, нутгийн ард иргэд талархал дэвшүүлжээ.
Гэмт хэрэг үйлдэгч Ж өмнө нь олон удаа эхнэр Б-г жижүүртэй байх үед нь согтуугаар ирж айлган сүрдүүлж, агсам тавьдаг байсан байна. Гэмт хэрэгтэн хэрэг үйлдсэнийхээ дараахан хэргийн газраас оргон зайлж одоог хүртэл олдоогүй байгаа” гэлээ.
Хэргийн мөрөөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас томилогдсон ажлын бүрэлдэхүүн Ерөө суманд ажиллаж, гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.