МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Н.Баярмаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ гоёлоо
МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Нордовын Баярмаа өнөөдөр төрдөө үнсүүлж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ гоёлоо.
Тэрбээр 1990-2007 онд Монголын радиод, 2001-2004 онд ОХУ-ын Оросын дуу хоолой радиод, 2007 оноос хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж байна.
Мөн Монголын радиогийн “Алтан сан хөмрөг”-т Г.Цэндоржийн хөгжим “Долоон хожгор, нэг можгор” хошин дуурийн тайлбар, Ү.Сүхбаатарын хөгжим “Аз жаргалын эрэлчин” дуурийн тайлбар, “Хөхөө намжил”-ын домгоор хийсэн хөгжмийн зохиомж, Б.Бааст “Хаш аяга”, С.Дулам “Цэнхэр тэрлэгт” зэрэг өгүүллэгийн зохиомж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Х.Уртнасан нарын зэрэг уран бүтээлчийн хөрөг нэвтрүүлэг, Ардын хөгжмийн сан, Сонгодог хөгжмийн сан, Монгол ардын үлгэрүүд, “Дэлхийн хүмүүс”, “Уран зохиолын цаг”, “Найраг хөгжөөх цаг”, “Радио театр”, “Эгшиглэнт байгаль”, “Аялгуу зураг” зэрэг нэврүүлгийг уншиж, сонсогчдод хүргэсэн билээ.
Түүнчлэн МҮОНТ-ийн “Алтан сан хөмрөг”-т Шинжлэх ухаан танин мэдэхүйн 300-гаад баримтат киноны тайлбар уншиж, уран сайхны 400 гаруй кинонд дуу оруулсан авьяастан.
Мөн Т.Драйзерын “Керри эгч” сонгодог романыг “Адмон” хэвлэлийн компанитай хамтран сонсдог хэлбэрээр гаргасан нь ялангуяа уран зохиолд элэгтэй иргэдийн таашаалд бүрэн нийцсэн юм. Үүний дараа НҮБ-ын Хүүхдийн сангийн Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагыг олны хүртээл болгосон удаатай.
Өдгөө “Монголын мэдээ” сувгийн “Өдрийн хөтөлбөр”, “Цагийн хүрд”, “Орон нутгийн мэдээ” хөтөлбөр, “Зочны ярилцлагын цаг”, “Хөндөх сэдэв” нэвтрүүлэг, “Долоо хоногийн онцлох үйл явдал” той хөтөлбөрийг хөтөлж, МҮОНТ-ийн “Эргэх дөрвөн цаг”, “Эрхзүйн хөтөч”, “Төл таван эрдэнэ”, “Мянган инженер”, “Урлаг теле сэтгүүл” зэрэг нэвтрүүлгийн тайлбарыг уншиж, үзэгчдийн хүртээл болгож байна.
ЭХ СУРВАЛЖ: http://www.mnb.mn/i/218753
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.