“Багш мэргэжлийн ирээдүй...” сэдвээр зөвлөх багш нар хэлэлцлээ

“Багш мэргэжлийн ирээдүй...” сэдвээр зөвлөх багш нар хэлэлцлээ

Багш нарын өдрийг Боловсрол, шинжлэх ухааны яам шинэлэг байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Өнгөрөгч оны энэ өдөр улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын сурлагын амжилт, чанарыг үнэлгээгээр эхний 40 байрт орсон сургуулийг батламжилж, олон нийтэд танилцуулсан бол 2020 оны Багш нарын өдрөөр ирээдүйн багшид тавигдах шаардлага, багшийн хөгжлийн чиг хандлагын тухай “Зөвлөх багш нарын хэлэлцүүлэг”-ийг ийнхүү зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг “ДеФакто” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан удирдаж, зөвлөх зэрэгтэй 40 гаруй багш оролцож, санал бодлоо хуваалцав.

Техник, технологийн дэвшлийн эрин үед ур чадвар, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээтэй, насан туршдаа суралцах чадамж бүхий хүмүүн үнэт капитал болж байна. Технологийн дэвшил, мэдээллийн хурдацтай өсөлт нь багш нарын өмнө шинэ шинэ боломж, сорилтыг бий болгож байна. Шинэ технологи гарч ирснээр сурах үйл ажиллагааны мөн чанарыг эрс өөрчилж, сурах үйл ажиллагаа улам бүр хувь хүнд чиглэсэн, хамтран бүтээх шинжтэй болж байгаа тул манай багш энэ өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

ХX зуунд багш өөрийн мэдлэгээ хүүхэд, залууст дамжуулан заадаг байсан бол ХХI зууны багш бэлэн мэдээлэл дамжуулагч биш, шалган хянагч биш, суралцахуйг хөтлөгч, сурахуйг дэмжигч болон өөрчлөгдөж байгааг хэлэлцүүлэг хөндөж ярилцав.

Өнөөдрийн ур чадвар, маргаашийн ажлын байранд тохирохгүй, шинээр олж авсан ур чадвар хурдан хоцрогддог болсон. Тиймээс тодорхойгүй ирээдүй, урьдчилан таамаглах аргагүй нийгэмд ажиллах багш өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ хойч үеэ сурган бэлтгэх онцгой үүрэгтэй гэдгийг зөвлөх багш нар хэлж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.