Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөхийг хүслээ
Коронавирусний тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоож, хил хааснаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, эм, амны хаалтын үйлдвэрлэлт, нийлүүлэлт, нөөц, татан авалтад ямар хүндрэл учирч байгаа асуудлаар УИХ-ын дарга Б.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид амны хаалтын түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх буюу хойшлуулах, тээвэрлэлтэд маш их цаг алдаж байгаа учир гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг хөнгөвчилж өгөхийг хүслээ. Түүнчлэн зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхийг хүсэв.
“Мөнхийн Тун” ХХК ТУЗ-ын дарга Д.Батхишиг: "Маскны түүхий эдийн үнэ 3 ам.доллар байсан бол одоо 16 ам.доллар болж өссөн байна. Маскны татварыг чөлөөлсөн хэдий ч түүхий эдийн татварыг чөлөөлөөгүй нь хүндрэл учруулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал болон хорионы хугацаанд түүхий эдийн татвараас чөлөөлж өгнө үү" гэлээ.
"Өгөөж" ХХК-ийн захирал Ц.Түмэнгэрэл: "Манай үйлдвэрийн хувьд сарын нөөц байна. Сараас цааш түүхий эд, материалын хувьд хомсдол үүсэж магадгүй. Бид хамгийн анх үнээ нэмэхгүй гэж зарлаж, уриалсан. Үүндээ хүрээд огт нэмэхгүй байгаа. Гурил, тос, элсэн чихэр, будаа, буудай зэрэг стратегийн бүтээгдэхүүний импорт, ОАТ, НӨАТ-аас 2-3 сар чөлөөлчихвөл үнэ барих боломжтой" хэмээв.
"Улаанбаатар гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржханд: "Монгол Улс жилд 240.000 тонн гурил хэрэглэдэг. Үүнд 360.000 тонн улаанбуудай шаардагддаг. Өнөөдрийн байдлаар 12.000 тонн гурил, 45.000 тонн улаанбуудайн нөөц байна. Энэ нь 2, 3-р сард л хүрэлцээтэй. Оросоос авч байгаа буудайны үнэ нэмэгдсэн. Бид үнээ нэмэхгүйг хичээж байгаа ч үндсэн өртөг нэмэгдээд байна. Стратегийн хүнс гэдгээрээ буудайн татвар дээр хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна. Цаашид улсын хэмжээнд 3 сарын гурил, буудайны нөөцтэй байхыг хуульчилмаар байна" гэв.
МҮХАҮТ-аас эдгээр үйлдвэрлэгч, импортлогчидтой удаа дараа уулзаж, саналуудыг нэгтгэн УИХ, холбогдох газруудад хүргүүлж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаас гарсан саналуудыг мөн нэгтгэн УИХ-д дарга хүлээлгэн өгч, ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
УИХ-ын дарга Б.Занданшатар: "Хүндрэлийг нийт ард түмнээрээ хамтдаа давна. Нээлттэй ярилцаж, үнийн зохиомол хөөрөгдлөөс хамгаалах арга хэмжээ авч байгаад баярлалаа. Бүх асуудлыг судалж зохих шийдвэрүүдийг гаргана" гэлээ.
Эх сурвалж Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.