Л.Бадралт: Прокурорын байгууллага ХОЁР САЯ орчим зөрчлийн хэргийг шалгасан

Л.Бадралт: Прокурорын байгууллага ХОЁР САЯ орчим зөрчлийн хэргийг шалгасан

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Л.Бадралттай ярилцлаа.

-Прокурорын байгууллагын 2019 онд Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийсэн онцлох ажил, арга хэмжээнүүд юу байна вэ?

-Прокурорын байгууллагаас 2019 онд Зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд, Улсын ерөнхий прокуророос дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх мөн Монгол Улсын ерөнхий прокуророос өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг нэг мөр хангах чиглэлээр бодлогын шинж чанартай хэд хэдэн арга хэмжээ авч ажилласан. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавих чиглэлээр 2019 онд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарсан. Нөгөөтэйгүүр прокурорын хяналтын ажлын чанар үр нөлөө дээшилсэн, дээд шатны прокурорын  хяналт сайжирсан, зөрчлийн хэргийн эцэслэн шийдвэрлэлт улсын хэмжээнд өсөн нэмэгдсэн, иргэн хуулийн этгээд төрийн байгууллагад учирсан хохирлын нөхөн төлөлт эрс нэмэгдсэн үр дүнгүүд гарсан.Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг нэг мөр хэрэгжүүлэх, прокуроруудын ажлын үүрэг хариуцлагыг сайжруулах чиглэлээр анхаарч, хяналтын ажлын аргачилсан зааврыг баталж хэрэгжүүлсэн. Энэ аргачилсан зааварт дээд шатны прокуроруудаас тавих хяналтыг сайжруулах зорилгоор тусад нь нэг бүлэг заалтуудыг оруулж өгснөөр хяналтын ажлын чанар үр нөлөө сайжирсан. 2019 оны I улирлын хяналтын ажлын бүртгэлд суурилсан мэдээнд дүн шинжилгээ хийхэд улсын хэмжээнд зөрчлийн талаарх гомдлын  шийдвэрлэлт 95 хувьд хүрсэн. Зөрчлийн улмаас учирсан 3.1 тэрбум төгрөгийн хохирлоос иргэнд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учирч үүний 80 орчим хувийг, хуулийн этгээдэд 300 орчим сая төгрөг учирч үүний 70-аас дээш хувийг, төрийн байгууллагад 150 орчим сая төгрөгийн хохирол учирч үүний 88 гаруй хувийг нөхөн төлүүлсэн үр дүнтэй байна.

-Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хэчнээн ирэв. Хэргийн шийдвэрлэлт ямар түвшинд байна вэ?

-Улсын хэмжээнд 10092 эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгах эрхтэй ажиллаж байна. Эдгээр эрх бүхий албан тушаалтан 2019 онд 1982181 зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх онтой харьцуулахад 24 орчим хувиар өссөн. Нийт 32350 орчим хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь өмнөх онтой харьцуулахад 3.8 хувиар өссөн байна. Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 32350 хэргээс эрх бүхий албан тушаалтнууд 6415 хэрэгт шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. 17 мянга гаруй хэрэгт шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүх рүү шилжүүлэв. Эрх бүхий албан тушаалтнууд зөрчлийн хэрэг шалгаад 4843 хэргийг хэрэгсэхгүй болголоо. Үүнийг прокурор хянаад 543 эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож дахин шалгуулсан.

-Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг прокуророос ямар үндэслэлээр хүчингүй болгосон байна вэ?

-Прокуророос эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож байгаа үндэслэлийг харж байхад хуульд заасан үндэслэлээ буруу бичсэн, дутуу шалгасан, торгох шийтгэлийг буруу оногдуулсан зэрэг зөрчлүүд гаргасныг прокурорын хяналтаар илрүүлж, засах арга хэмжээ авсан байна. 2019 онд нийт 543 шийдвэр хүчингүй болгож зөрчлийг арилгуулсан нь өмнөх онтой харьцуулахад 3,3 дахин өссөн нь прокуроруудын хяналтын ажил сайжирч байгааг харуулж байна. Эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн талаарх гомдол мэдээл­лийг шалгаад хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан болон шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн зөрчлийн хэргүүдийг хууль зүйн үндэслэлийг прокурор  хянаад 829 удаа эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Дүгнэлтээс харахад 500 гаруй тохиолдол нь эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн байсан. 300 орчимд нь эрх бүхий албан тушаалтны шийтгэлд өөрчлөлт оруулахаар бичсэн дүгнэлтүүд байгаа.

-Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрх бүхий албан тушаалт­нуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн оны тухайд прокурорын хяналтын ажилд гарсан онцлог ажил юу байсан бэ?

-Улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрх бүхий албан тушаалтны судалгааг хоёр үе шаттай хийсэн. Үүний үр дүнд нийт 900 гаруй эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй болохыг тогтоосон. Нийт 140 гаруй эрх бүхий албан тушаалтанд шинээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх олгуулсан. 150 орчим зөрчлийг шинээр бүртгэлд оруулж шалгуулсан. Цаашид зөрчил  шалган шийдвэрлэх, эрх бүхий байгууллага албан тушаалтан хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж байгаа эсэхэд анхаарч ажиллана. Улсын Ерөнхий Прокурорын газраас 2019 онд томоохон хийгдсэн ажил бол Улаанбаатар хотын орон сууцны барилгын нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг эрх бүхий байгууллагуудтай хамтран шалгасан. 2019 оны 1 дүгээр сард ОХУ-д барилгын нэг давхарт үйл ажиллагаа явуулж байсан газарт хийн баллон дэлбэрч 30 гаруй хүн амь насаа алдаж, 300 гаруй хүн гэмтсэн томоохон осол гарсан. Энэ осол аюул бидэнд ч нүүрлэж болзошгүй тул Нийслэл дүүргийн прокурорын газруудад үүрэг өгч МХЕГ, Цагдаа, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудтай хамтран шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 203 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж 500 орчим зөрчлийг илрүүлж, арилгуулах арга хэмжээ авсан. Шаардлагатай тохиолдолд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг газар дээр нь зогсоож, Зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авсан, үр дүнтэй ажил болсон.

-Цаашид прокурорын байгуул­лага Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-2020 онд тодорхой ажлуудыг хийхээр бодлого чиглэлээ тодорхойлсон. Тухайлбал, прокурорын байгууллага, эрх бүхий байгууллагыг холбосон бүртгэлийн нэгдсэн систем бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Нэгдсэн бүртгэлийн систем бий болгосноор эрх бүхий байгууллага прокурорын байгууллагын хооронд ажлын уялдаа холбоо сайжирна. Эрх бүхий албан тушаалтнууд прокурорт ирж, гомдол мэдээллээ бүртгүүлэх, байнга уулзах зэрэг чирэгдлүүд арилна гэж тооцож байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүсэлт тавьснаар дээрх асуудалтай холбоотой тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана. Мөн зөрчлийн хэргийн улмаас төр нийтийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд прокурор хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хамгаалах, хохирлыг нөхөн барагдуулах ажил арга хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал төрд учирсан хохирлыг прокурор санаачилгаараа шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх замаар хохирлыг нөхөн барагдуулах арга хэмжээг авах ажлыг хэвшил болгоё гэсэн зорилттой байгаа. Нөгөөтээгүүр зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, зөрчлийн хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын байгууллага дангаараа болон бусад хууль хяналтын, төр захиргааны байгууллагатай хамтран тодорхой ажил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж дүгнэж байгаа. Тийм учраас 2020 онд зөрчлийн гаралтыг бууруулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.