Б.Мөнхбаатар: 38 зээлдэгч 6 хувийн зээл аваад байна

Б.Мөнхбаатар: 38 зээлдэгч 6 хувийн зээл аваад байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийлээ. Хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийг зургаан хувь болгох асуудал болон ойрын үед УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж гишүүдийнхээ саналыг сонссон байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР: 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр зургаан төрлөөр хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл өөрийн эзэмшиж байгаа газар дээр орон сууц бариулах, ашиглалтын шаардлага хангахгүй газрыг орон сууцжуулах, гэр хорооллыг орон сууцжуулах, түрээсийн орон сууц зэрэг зургаан чиглэлд хэрэгжүүлнэ. Өнгөрсөн долоо хоногоос зургаан хувийн зээлийг хүмүүс авч эхэлсэн. Өнөө өглөөний авсан мэдээллээр 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийн 6 хувийн зээл авсан байна. Түрээсийн орон сууцны асуудалд төр зайлшгүй оролцох шаардлагатай болчихоод байна. Орлого нь ипотекийн 8, 6 хувьдаа ч хүрэхгүй хүмүүс их бий. Өнөөдрийн байдлаар төрд 3000 орчим түрээсийн орон сууцны сан байгаагаас үүний 1500 орчим нь Улаанбаатар хотод бий. Өнгөрсөн онд 972 айлын түрээсийн орон сууцны төслийг Буянт-Ухаад хэрэгжүүлэхэд 35 мянган хүн бүртгүүлж байсан. Ипотекэд хамрагдаж чадахгүй зорилтот бүлгийн хүмүүс их байна. Ялангуяа хөдөө орон нутагт. Аймгийн төвд 40, 80, 120 айлын зорилтот бүлгийн орон сууцны схемийг яаж хийж болох асуудлыг танилцуулсан. Тухайлбал орон нутгийг хөгжүүлэх сангийн тодорхой хувийг зарцуулах шугамаар зураг болон инженерийн шугам сүлжээг тавьж өгөх боломжтой гэх асуудлыг танилцуулсан.

Сануулахад, зургаан хувиар зээл авахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөх шаардлагатай. Гэхдээ орлогын босгыг бууруулж, 1 сая төгрөг болгосон байна. Одоогоор ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй байгаа тул зээлийн эргэн төлөлтөөс орж ирсэн хөрөнгөөр дахин санхүүжүүлж зээл олгох бодлого баримталж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.