“Хуралдай” зөвлөлдөх танхим анхны хурлаа хийлээ
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн "Хуралдай" зөвлөлдөх танхимыг байгуулсан билээ. Уг зөвлөлдөх танхим энэ сарын анхны зөвлөлдөх уулзалтаа хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны 09 дүгээр сарын 22-нд хийсэн уулзалтаас гарсан саналуудын дагуу хийж буй ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Үүний дараа "Хуралдай" зөвлөлдөх танхимын дүрмийн төслийн талаар хэлэлцэж, танхимын гишүүд саналаа хэллээ. Үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцаж, улиралд нэгээс доошгүй уулзаж зөвлөлдөж байх нь зүйтэй хэмээн үзлээ. Танхимын гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн тусгаж, дүрмийн төслийг хүргүүлэхээр боллоо.
Үүнээс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын талаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан танилцуулсан юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргаж эхэлсэн “Мэдээлэл судалгаа’’ сэтгүүлийн талаар танилцуулж, санал солилцсоноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.
Дашрамд дурдахад үе үеийн УИХ-ын дарга нарын "Хуралдай" зөвлөлдөх танхим нь Монгол Улсын парламентын тогтолцоог бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг парламентад хэвшүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцох ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах сайн дурын механизм юм.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.