Өөрсдийн гэх байргүй болсон циркчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Өөрсдийн гэх байргүй болсон циркчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Хуучин циркт өнөөдөр /2020.10.23/ 300 циркчин тулгамдаад байгаа асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж, өөрсдийн гэх байргүйгээс болж циркийн урлаг гудамжинд гараад удаж байгааг хэллээ.

Циркчид бэлтгэл хийх газаргүй болж, 2015 оноос хуучин циркийн барилгад үйл ажиллагаа явуулахыг МХЕГ-аас хориглосон тул хүндрэл бэрхшээлтэй тулгарсан байна. АСА цирк дээр байнга өндөр үнэ төлж бэлтгэл хийх боломж байхгүй гэдгээ тэд учирлалаа.

Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ “Хэвлэлийнхнийг бидэн рүү муухай турхирч байна. Амьтан сургах үйл ажиллагааг амьтны ярга хийдэг мэтээр бичиж иргэдэд ойлгуулсан байсан. Үгүй шүү дээ. Амьтантай ээж нь юм шиг харьцаж байж л сургадаг. Ахмадуудын сургасан тэр амьтдыг нэг өглөө л 7 буудал руу аваачаад нядалж орхисон шүү дээ. Гадаадад ажиллаж их мөнгө олдог гэж бидний тухай яриа тараасан. Бид гадаадад ажиллахаар явахдаа ч өөрсдөө зардлаа гаргадаг. 13 жилийн турш тэмцэж, шаардлага тавьсаар ирсэн. Одоо бид төр засгаасаа, яамнаасаа нэг зүйл хүсье. Монгол Улсын консерваторын хашаанд байгаа газар дээр Циркийн сургуулийн барилга барих зөвшөөрлийг олгооч ээ. Циркийн үнэт өв, түүхийн дурсгал болсон Хуучин циркийн барилгыг сэргээн засварлаж өгөөч ээ” гэлээ.

Циркчдийн одоо бэлтгэл хийж буй байшин 120 жил болж байгаа аж. Өнөөдрийн хэвлэлийн хурлаараа тэд 60 жил болоод актлах ёстой байсан барилгад бэлтгэл сургуулилт хийх ёстой болж байгаа, өөр бэлтгэл хийх газар байхгүйг учирлаж байлаа.

Түүнчлэн циркчид өөрсдөө нийгмийн даатгалаа төлдөг бөгөөд урлагаа хөгжүүлэхийн төлөө явдаг ч байр сав нэхдэггүй гэв. “Холбогдох яам Монголын циркийн урлаг оршин тогтнохын төлөө явах ёстой, бид шаардлага тавих ёстой. 80 жилийн түүхтэй энэ агуу урлагийг хүндэлж, мэдээллийг маань зөв дамжуулж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн тэд ярив.

Манежгүй болсон циркчид “Циркийн үзүүлбэр хийх, бэлтгэх ямар ч бололцоогүй болгож байгаад бид маш их эгдүүцэж байна. Төр засгаас шаардлагынхаа хариуг нэн даруй авмаар байна. Циркийн сургууль барих, голомт болсон хуучин циркийн суурин дээр циркийн ордонг бидэнд бий болгож өгөөч ээ гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа гуйя” гэлээ.

Тэд гадаадад циркийн урлагаа сурталчлах гэж энэ урлагаар суралцаж, хөгжиж байгаагаа хэлээд “Энэ том урлагийг хөгжүүлэх гэж, эх орон, ард түмэндээ үзүүлэх гэж бид үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаадад очоод гадаадын хүмүүсийг баясгаад байх нь чухал биш. Өв соёл болгож үзүүлэх гэж бид ингэж сууж байна. Монголын цирк гэдэг зүйл байхгүй болж, тасрах шинж рүүгээ орж байна. Циркийг цаашид явуулах хэрэгтэй гэж бодож байвал, урлагийн тоонд багтааж байгаа бол бидэнд гэрэл гэгээ хайрлаач ээ гэж хүсэж байна. Шаардлагыг маань хүлээж авна уу” гэв

Монголын циркчид өнгөрсөн хугацаанд олон улсын том тэмцээн уралдаануудад түрүүлж, дэлхийд гуравдугаарт жагсатлаа хөгжиж, дэлхийд гайхагдахдаа гаднын улсын циркт очиж бэлтгэл сургуулилтаа хийжээ. Тэд гадаадын цирктэй гэрээ хийж үндсэн номероо тоглох хугацаандаа дараагийн тэмцээндээ орох бэлтгэлээ хийдэг байсан аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.