Байнгын хороо Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжив
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ.
Энэ сарын 15-ны өдөр болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн НИТХ-аас Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ. УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох"-оор заасан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдох болсон гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна.
Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, "Нийслэлд тулгамдсан асуудал олон байгаа, тэдгээрийг шийдэж чадна гэдэгт итгэж энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэлийн олон зуун мянган иргэн МАН-ыг дэмжин саналаа өгч, итгэл хүлээлгэсэн. Иймээс энэ сонгуульд намын байгууллага, багаа удирдан орж, олон түмний итгэл хүлээсний хувьд үүрэг хариуцлагаа үүрч ажиллах нь зүйтэй гэж үзэж гишүүний хүсэлтийг дэмжиж байна" гэлээ.
Ингээд санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхыг дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.