Японы эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд томуугийн вакцинд хамрагдахыг бүх насныханд уриалжээ

Японы эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд томуугийн вакцинд хамрагдахыг бүх насныханд уриалжээ

Японы эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд улирлын томуу, коронавирусний халдвар зэрэгцэн дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд томуугийн вакцинд хамрагдахыг бүх насныханд уриалжээ. Энэ өвөл томуугийн вакцины эрэлт огцом нэмэгдэх төлөвтэй байна.

Японы Эрүүл мэндийн яам 65 болон түүнээс дээш насны хүмүүсийг эхний ээлжинд томуугийн вакцинд хамруулахыг энэ сарын 1-нд зөвлөсөн юм. Түүнээс хойш тодорхой тооны өндөр настан шаардлагатай алхмыг хэрэгжүүлсэн тул тус яам вакцин хийлгэхийг бусад насны хүмүүст өнөөдрөөс зөвлөж эхэлжээ.

Эрүүл мэндийн яамны зүгээс эмнэлгийн ажилтнууд, суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд болон зургаан сартайгаас хоёрдугаар анги хүртэлх насны хүүхдүүдийг эрт вакцинд хамруулахыг уриалж байна. Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, энэ улиралд 66 сая гаруй насанд хүрэгчид хүрэлцэх томуугийн вакциныг нийлүүлэх төлөвтэй байгаа нь урьдчилан тооцоолж байснаас 2.8 сая орчим тунгаар илүү ажээ.

“Манай яам өнгөрсөн өвлийнхөөс илүү их хэмжээний вакцин авсан. Гэвч олон иргэн ердийн үеийнхээс эрт захиалга өгсөнтэй холбоотойгоор нийлүүлэлт, эрэлт зөрүүтэй байна. Бид вакциныг аль болох хүртээмжтэй түгээхэд анхааран ажиллана” гэж Эрүүл мэндийн сайд Тамүра Норихиса сэтгүүлчдэд мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.