ДЭМБ: Европ халдварын голомт болоод байгаа боловч тархалтыг хяналтад авах боломжтой

ДЭМБ: Европ халдварын голомт болоод байгаа боловч тархалтыг хяналтад авах боломжтой

Европ одоо “COVID-19” халдварын голомт болоод байгаа боловч халдварын тархалтыг улсын хэмжээнд хөл хорио тогтоохгүйгээр хяналтад авна гэж найдаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд даваа гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн тэргүүн, доктор Майкл Райаны мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар шинээр бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын 46 хувь, нас барсан тохиолдлын гуравны нэг орчим нь Европт илэрсэн байна.

“Европ одоо халдварын голомт болсон нь тодорхой байна” гэж тэрбээр хэлээд, халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хөдөлгөөнийг хязгаарлах, гэртээ байхыг зөвлөх гэх мэт илүү цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг уриалжээ.

“Европт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд ойрын хугацаанд эрчимт эмчилгээний тасгийн ор дүүрч болзошгүйд санаа зовниж байна” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн “COVID-19”-ийн асуудал хариуцсан хэсгийн ахлагч, доктор Мариа Ван Керкове хэлсэн байна.

Гэсэн хэдий ч Европ энэ хавар, зуны нэгэн адил халдварын тархалтыг хяналтад дахин авч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Мөн олон нийтийг шинжилгээнд хамруулах, сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэх, олон хүн бөөгнөрсөн газраас зайлсхийх зэргээр цар тахалтай тэмцэхийг уриалжээ.

Дэлхий даяар “COVID-19” цар тахлын хоёр дахь давлагаа үргэлжилж буй энэ үед Франц, Итали, БНХАУ, ОХУ, Их Британи, АНУ зэрэг орон вакцин гарган авахад гол анхаарлаа хандуулж байна. ДЭМБ-ын цахим хуудсанд мэдээлснээр, дэлхийн хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар 198 вакциныг гарган авахаар ажиллаж байгаагаас 44 нь эмнэлзүйн туршилтын шатандаа явж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.