Германы Ханау хотод гал нээсэн этгээд буруугаа хүлээсэн захидал, дүрс бичлэг үлдээжээ
БЕРЛИН. /TASS/. Германы Ханау хотод гал нээсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд гэм буруугаа хүлээсэн захидал, хийсэн үйлдээ тайлбарласан дүрс бичлэг үлдээсэн тухай “Bild” сонин эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилсан байна.
Кальян буюу усан тамхины хоёр газар болон ном хэвлэлийн газар руу үл таних этгээд гал нээсний улмаас 11 хүн амиа алдсан хэрэг Германы Ханау хотод пүрэв гарагт шилжих шөнө гарсан тухай өмнө нь мэдээлсэн. Гэмт этгээд хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд түүнийг гэртээ үхсэн байхад нь олсон байна. Түүний гэрээс бас нэгэн цогцос олджээ.
“Bild” сонинд мэдээлснээр, уг этгээд Германы иргэн болохыг тогтоосон байна. Цагдаа нар сэжигтний эцгийг түр саатуулжээ. Сэжигтний автомашинаас зэвсэг олдсон бөгөөд амьтан агнах тасалбартай байсан байна.
Мөрдөн байцаагчид үлдээсэн захидал, дүрс бичлэгийнх нь агуулгыг судалсныхаа дараа уг этгээд барууны хэт давруу үзлийн нөлөөнд автсан байсан гэдэг дүгнэлтийг хийсэн гэж “Bild” сонинд мэдээлжээ.
Германы кальян баарнуудын эзэд ихэвчлэн Азийн орнууд, ялангуяа Турк улсаас цагаачлан ирсэн хүмүүс байдаг ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.