Хонконгийн сөрөг хүчний хууль тогтоогчид бүгд огцрохоо мэдэгджээ
70 суудалтай Хонконгийн Хууль тогтоох зөвлөл буюу нэг танхимтай парламентад ардчиллыг дэмжигч сөрөг хүчнээс сонгогдсон 15 гишүүн хамтран зүтгэгч дөрвөн гишүүнийх нь эрхийг хассаныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн бүгд хамтдаа огцрох шийдвэр гаргаснаа мэдэгджээ.
Бээжин хотноо Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос шинэ тогтоол гаргасны дараа Хонконгийн эрх баригчид сөрөг хүчний дөрвөн хууль тогтоогчийн эрхийг хассан юм. Уг баримт бичигт эх оронч үзлийг Хууль тогтоох зөвлөлийн бүх гишүүн заавал биелүүлэх ёстой хуулийн шаардлага хэмээн тусгасан бөгөөд энэ шалгуурыг хангаагүй депутатуудыг шүүхийн шийдвэргүйгээр шууд хасах эрхийг эрх баригчдад өгдөг байна.
Энэ нь Хонконгийг тусгаар улс болгох үзэл санааг дэмжиж, Хонконг дахь БНХАУ-ын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, Хонконгийн хэрэгт гаднаас хөндлөнгөөс оролцохыг дэмжих, мөн үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй бусад үйлдлийг хийдэг хууль тогтоогчдод хамаатай юм. Хонконгийн ардчилсан эвсэл шинэ журмыг “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмыг алдагдуулсан “утгагүй зүйл” гэж мэдэгджээ.
Лхагва гарагт эрх баригчид энэ баримт бичгийн дагуу дөрвөн хууль тогтоогчийн эрхийг хасжээ. Хонконгийн Сонгуулийн хорооноос эдгээр хууль тогтоогчийг "эх оронч бус үзэл бодолтой" тул шинэ парламентын сонгуульд оролцохыг нь хориглосон байсан юм. Тодруулбал, тэд Хонконгийн эсрэг олон улсын хориг арга хэмжээ авахыг уриалсан байна. Гэвч есдүгээр сарын 6-нд товлогдсон сонгуулийг коронавирусний цар тахалтай холбогдуулан эрх баригчдын шийдвэрээр нэг жилээр хойшлуулсан учир тэдний бүрэн эрх автоматаар үргэлжилж байжээ.
Шинэ тогтоол нь Бээжинд Хонконгийн улс төрийн нөхцөл байдалд тавих хяналтаа чангатгах, өмнө нь "Хятадын талыг баримталсан" зарим хуулийн төслийг батлахыг бүх талаар хаах гэж оролдож байсан сөрөг хүчний нөлөөг дарах боломжийг олгоно гэж ажиглагчид тэмдэглэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.