Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

Японд энэ оны эцэс гэхэд 15 мянга орчим хүнд шинэ коронавирусний эсрэг биетийн шинжилгээ хийнэ гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээллээ.

"Японд хоёр дахь удаагаа хийх гэж буй энэхүү шинжилгээ нь Токио, Осака болон өөр гурван мужийг хамарна" гэж Эрүүл мэндийн сайд Тамүра Норихиса хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

“COVID-19” халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүс ч эсрэг биет илэрч байгаа тул энэхүү шинжилгээний дүн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдэд халдварын тархалтын хүрээг илүү нарийн тодорхойлоход туслах ажээ. Энэ оны зургаадугаар сард Токио, Осака, Миягид эсрэг биетийн шинжилгээ хийсэн бол энэ удаа Айчи, Фүкүока муж нэмэгдэнэ.

Японд сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо өмнө нь бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдэж байгаатай холбоотойгоор Токио, Осака зэрэг хэд хэдэн томоохон хотод шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг газруудад ажиллах цагаа богиносгохыг уриалж байгаа юм.

Японд зургаадугаар сард 8000 орчим хүнд эсрэг биетийн шинжилгээ хийхэд Токиод 0.1, Осакад 0.17, Мияги 0.03 хувийнх нь хариу тус тус эерэг гарч байжээ. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, эдгээр үр дүн тус гурван мужид халдвар хязгаарлагдмал хүрээгээр тархсаныг харуулжээ.

Энэхүү үзүүлэлтийг харьцуулж үзвэл, Нью-Йорк хотод 20 хувь, Испанид 5 хувьтай байжээ. Мэргэжилтнүүд эдгээр үр дүнд задлан шинжилгээ хийснийхээ дараа Японд халдварын эхний давлагааг “ерөнхийдөө хяналтад авлаа” хэмээн үзэж байсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.