Сингапурын эрдэмтэд “Ухаалаг амны хаалт”-аа улам боловсронгуй болгожээ
Сингапурын эрдэмтэд халдвар өвчинтэй тэр дундаа Ковид-19 тэй тэмцэхэд гол үүрэгтэй амны хаалтыг улам ухаалаг болгосон технологио танилцууллаа. Энэ нь энгийн нэгэн амны хаалтыг ухаалаг амны хаалт тусгай чип юм. Тодруулбал амны хаалтад бэхлэх энэ чип нь тухайн хүнийхээ эрүүл мэндийн амин чухал үзүүлэлтийг хэмжин блүүтүтийн тусламжтайгаар гар утас, бусад төхөөрөмжүүдэд дамжуулах зориулалттай юм.
Тодруулбал, тусгай чип нь тухайн хүний биеийн дулаан, цусан дахь хүчилтөрөгч, артерийн даралт болон судасны цохилтыг хэмжиж дамжуулах үүрэгтэй юм байна. Энэхүү ухаалаг амны хаалтыг нийгмийн эрүүл мэндэд хяналт тавихад тэр дундаа шинэ коронавирусний халдвар авсан хүнийг илрүүлэх, халдвараас сэргийлэх зорилгоор ашиглах боломжтойг баталж байна. Мөн эмнэлэг, өндөр настны асрах газруудад ашиглахад ихээхэн тохиромжтойг онцолж байна. Өөрөөр хэлбэл өвчтөнүүд, өндөр настнуудын бие эрүүл мэндэд хяналт тавихад нь тустай мөн эмч сувилагчдын ачааллыг ч хөнгөвчилж, халдвараас хамгаалахад тустай гэж үзэж байна.
Ло Сянь Цзюнь Шинжлэх ухаан,технологи судалгааны агентлагийн тэргүүн, профессор: Энэхүү төхөөрөмжид арьс болон хялгасан судаснуудыг гэрэлтүүлэх Лэд суулгасан байгаа. Жишээ нь цусны даралт ихэслээ гэхэд хялгасан судаснууд тэлж, хэмжээ нь өөрчлөгдөхийг энэ гэрэлт Лэдээр тогтоож өгөгдлийг нь дамжуулах юм.
Одоогоор ухаалаг амны хаалтыг хүмүүс дээр туршихаар эмнэлгүүдтэй яриа хэлэлцээ хийж байгаа юм байна. Ингэснээр орчин үеийн технологийн энэ шийдэл хэр үр дүнтэй, дамжуулж буй өгөгдлүүд нь мөн хэр баталгаатайг нотлох боломжтой болох юм байна. Лабораторийн шинжилгээгээр бол эмнэлгийн стандарт төхөөрөмжөөс ухаалаг амны хаалтны дамжуулсан мэдээлэл 3-5 хувийн л зөрүүтэй гарч байсан байна. Эрдэмтэд өнгөрсөн 9 сард амны хаалтад 3 дамжуулагч тогтоохоор бүтээсэн байсныгаа ийнхүү нэгтгэж нэг болгоод байна.
Мөн тусгай чипээ ус нэвтэрдэггүй, арьс шиг зөөлөн силикон материалаар бүрсэн байна. Энэхүү шинэ ухаалаг төхөөрөмж үнийн хувьд одоогоор 50 орчим ам.долларт хүрэх тооцоо байгаа ч олноор нь үйлдвэрлэж эхэлбэл үнэ нь 20 орчим доллараар тогтоох боломжтой юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.