Хятадын "Чанъэ-5" гараг хоорондын автомат станцын капсул хойд нутагт амжилттай газардлаа
Хятадын "Чанъэ-5" гараг хоорондын автомат станцын капсул хойд нутагт амжилттай газардлаа гэж тус улсын Үндэсний сансрын газар мэдээлжээ.
Сарны хөрсний дээж агуулсан капсул Өвөр Монголын өөртөө засах орны Сызыван хошууны нутагт Бээжингийн цагаар 01 цаг 59 минутад газардсан байна. Ийнхүү тус улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс боллоо. Хамгийн сүүлд 1976 онд Зөвлөлтийн "Луна-24" аппарат сарнаас хөрсний дээж авчирсан билээ.
"China Daily" сонинд мэдээлснээр, капсул бүхий тойрог замын модулийг дэлхийн агаар мандалд оруулах үйл явцын бэлтгэл ажил пүрэв гарагт Бээжингийн цагаар 01:00 цаг орчимд эхэлжээ. Капсул Атлантын далайн өмнөд хэсгийн дээр 5000 орчим км-ийн өндөрт тойрог замын модулиас салсан байна.
Хятадын Үндэсний сансрын агентлагийн мэдэгдсэнээр, хөрсний дээж бүхий капсулыг тун удахгүй Бээжинд тусгай нислэгээр хүргэнэ. Капсул нийтдээ 2 кг орчим сарны чулуулаг агуулсан байх ёстой юм.
Дээжийг тусгай лабораторид хүргэх бөгөөд Хятадын эрдэмтэд тэдгээрийн бүтэц, физик, геологи, химийн шинж чанарыг судлах аж. Сарны хөрсний дээжээс олон нийтэд үзүүлнэ гэж энэхүү ажиллагаатай ойр эх сурвалжууд “China Daily” сонинд мэдээлжээ.
"Чанъэ-5" аппаратыг 11 дүгээр сарын 24-нд хөөргөсөн юм. Уг аппарат 12 дугаар сарын эхээр сарны үзэгдэх талд өгөгдсөн хэсэгт газардаж, өрөмдлөгийн төхөөрөмж, манипулятор ашиглан хоёр өдрийн турш хөрс цуглуулсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.