БНСУ-аас Эрхүүгээр дамжин ирсэн Монголын 20 орчим иргэн Улаан-Үдэд байна

БНСУ-аас Эрхүүгээр дамжин ирсэн Монголын 20 орчим иргэн Улаан-Үдэд байна

БНСУ-аас Эрхүүгийн нислэгээр дамжин ирсэн 20 орчим монгол иргэн Улаан-Үд хотод байна гэх мэдээллийг бид хүлээж авлаа. Эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр иргэдийг хоёр нь Улаан-Үд хотод буусан даруйдаа хамт явсан хүмүүсээс сураг тасарчээ.

Энэ талаар бид Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилоос тодрууллаа.

Засаг дарга Ш.Оргил "Улаан-Үд хотод дамжин нислэгээр ирсэн монгол иргэд байгаа талаар бид мэдээлэл авсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн шөнөөс эхлэн аймгийн Онцгой комисс хуралдаж, асуудалд анхаарал хандуулж, зохион байгуулалт хийж байна. Хэрвээ тэдгээр иргэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь “Алтанбулаг” боомтоор дамжин хилээр орохоор болвол “Алтанбулаг” чөлөөт бүсэд хамгаалалт, ариутгал, тусгаарлалтын бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангах ёстой. Мөн аймгийн төв болох Сүхбаатар суманд иргэдийг тусгаарлах бэлтгэл ажлыг хангаж, 50 ор бэлэн байлгах зэрэг үүрэг даалгавар өгөгдөж байна. Иргэдийг хүлээж авах тусгай унаа, хувцас хэрэглэлээр бүрэн хангасан баг бэлэн байдалд ажиллаж байна" гэлээ.

Харин иргэдийн биеийн байдал болон хоёр иргэн алга болсон эсэх тухайд тэрбээр "Иргэдийн биеийн байдал, мэдээллийг цаг тухай бүрд тодруулж байгаа. Хоёр иргэн Эрхүүгээс машинаар Улаан-Үд хотод ирснийхээ дараа хаачсан бэ гэдэг асуудлыг мөн бид тодорхой болгохоор ажиллаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.